Та хүүхдээ аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн яваасай гэж хүсдэг үү? Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил сүүлийн хэдэн жилд маш их өөрчлөгдсөний зэрэгцээ орчин үеийн хүүхдүүдтэй бидний ээж аавын үе шиг суран бүс барьж харьцаж болохгүй болсон билээ. Ингээд нийгэм, цаг үе хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед хүүхдүүдэд чухам ямар чадвар суулгаж өгөх ёстой, тэдгээр чадваруудыг яаж суулгадгийг бид танд аминчлан шивнэе.
1.Санаа бодлоо ойлгуулах чадвар
Орчин үед хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь маш чухал бөгөөд аль болох багаасаа ийм болж төлөвших хэрэгтэй. Үүний тулд эцэг эхчүүд хүүхдийнх нь үг чухал гэдгийг бяцхан үрсдээ ойлгуулж өгөөрэй. Ингэснээр хүүхэд хүмүүс намайг сонсдог бас ойлгодог гэсэн ойлголттой болдог тул зоригтой, итгэлтэй ярьж чаддаг болно. Гэхдээ эерэг байдлаар хандах хэрэгтэй бөгөөд асуулт, яриаг нь шүүмжилж, шоолж хэрхэвч болохгүй юм.
2.Анхаарлаа төвлөрүүлэх чадвар
Хүүхдийн сонирхол дороо буурдаг тул анхаарлыг нь сарниулахгүй аргаар хүүхдэдээ аливааг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь бичихийг зааж байгаа бол цаасан дээр бичүүлээд байлгүй, самбар дээр ч юм уу, шохойгоор бичүүлж болно шүү дээ. Хамгийн гол нь эцэг эх өөрөө сайн үлгэр болж өгөх ёстой бөгөөд ердөө хэдхэн минут анхаарлаа сарниулалгүй хүүхдэдээ бүрэн анхаарч чадвал хүүхэд ч мөн ийм байдлаар төлөвшдөг тул гадуур хамт зугаалж явахдаа ч дуртай машинаар нь жишээ авч өнгө, загвар, хэлбэр зэргийг зааж өгөх боломжтой билээ.
3.Бие даах чадвар
Аль болох эрт өөрөө бүгдийг хийж сурвал хүүхэд тэр чинээгээрээ өөртөө итгэлтэй болохоос гадна сургууль дээрээ байхдаа болон үүрэг даалгавар өгсөн үед төвөггүй бүгдийг гүйцэтгэж чаддаг болох юм. Өөрөө хувцсаа өмссөн үед нь, гутлаа үдэх үед нь, тоглоомоо хураасан үед нь урамшуулж магтаж байгаарай. Алдаа гаргасан үед нь загнаж болохгүй. Аль болох тайван, хүлээцтэй хандаж, боломж гарах болгонд магтаж байгаарай. Тэгж чадвал аажим аажмаар хүүхэд өөрөө бүгдийг хийж сурдаг ажээ.
4.Багаар ажиллах чадвар
Хүүхдэд багаас нь дагах ёстой олон янзын дүрэм байдгийг, мөн тэдгээр дүрмийг дагаснаар бусадтай харилцаа тогтоож чаддагийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Бусад хүүхдүүдтэй тоглож байхад нь хэзээ ч хүүхдээ харьцуулж болохгүй. Оронд нь хүүхэд бүрийг магтаж, сайн байлаа гэж урамшуулж өгөх хэрэгтэй юм.
5.Гадаад хэл
Хоёр хэлтэй болох нь хүүхдийн ирээдүйд тустайгаар зогсохгүй, сэтгэхүй нь задарч, бусад улс орон, соёлын талаар ойлголттой болдог ажээ.
6.Зохион байгуулалт
Хүүхэд хичнээн эртнээс зохион байгуулалттай байж сурна, төдий чинээгээр амьдрал нь хөнгөрөх болно. Хамгийн эхлээд хүүхэдтэйгээ хамт өдөр тутмын төлөвлөгөө гаргах хэрэгтэй бөгөөд аажмаар долоо хоногийн, сарын төлөвлөгөө болгон уртасгаарай. Гэхдээ хүүхдийнхээ чөлөөтэй амарч, тоглох цагийг ажиллаж хөдөлмөрлөх хугацаатай нь уялдуулж өгөх хэрэгтэйг санах нь зүйтэй. Жишээ нь гэрийн даалгавраа дуусгачхаад 3 цаг тоглож болно гэх мэт.
7.Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар
Алдсан оносон үедээ гаргадаг ааш зан хүүхдийн бусадтай харьцах харьцаанд маш том нөлөө үзүүлдэг. Зарим хүүхдүүд тоглоомд хожигдохоороо уурладаг бөгөөд энэ үед эцэг эх нь бушуухан хүүхдээ дагуулан гэртээ харьдаг. Гэхдээ энэ нь бэрхшээлтэй нүүр тулах бус зугтаах дадлыг хүүхдэд бий болгож орхидог байна. Хүүхдээ амжилт гаргах бүрт магтаж байхын зэрэгцээ алдааг нь ч мөн тоолгүй өнгөрч болохгүй. Ярилцаж, юун дээр алдсаныг нь хамтдаа олж мэдэхийг хичээгээрэй. Бусад хүүхдүүдэд аюултай л биш бол сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь бүү саад бол. Мөн хамгийн гол нь хүүхдэдээ юу ч болж байсан хайртай гэдгээ ойлгуулах нь чухал билээ.