АНУ-ын Балтимор хотын Роберт Колманы бага сургуулийн удирдлага хэрэг тарьсан хүүхдүүдийг шийтгэж, сургуулийн захиргаа руу явуулахын оронд бясалгал хийлгэж эхэлжээ. Сахилгагүй, зүй бус үйлдэл гаргасан хүүхдүүдийг өрөөнд суулгаад амьсгалын дасгал хийлгэж, тайвширч, дахин төвлөрөхөд нь тусалжээ. Үүнээс гадна зарим тохиолдолд юу болсон талаар ч яриулдаг байна.
Бясалгал хэдэн мянган жилийн турш оршсоор ирсэн. Харин саяхнаас энэ нь хүний бие болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухаан судалж байгаа юм. Тухайлбал, “Mindful” төрлийн бясалгалыг хийсэн цэргүүдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар дээшилж, ой санамж нь сайжирсныг судалгаагаар тогтоосон байна. Мөн өөр нэг судалгаагаар бясалгал анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг нь нотлогджээ.
Харин Роберт Колманы бага сургуулийн хувьд зөвхөн хүүхдүүдээ бясалгал хийлгүүлээд зогсохгүй орон нутгийн “Holistic Life Foundation” хэмээх ашгийн бус байгууллагатай хамтран хичээлийн дараах хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэлээс тавдугаар анги хүртэлх хүүхдүүдэд зориулан иога, бясалгалын хичээлийг боловсруулжээ.
Тус байгууллагын ажилтан Кирк Филипс “Жаахан хүүхдүүд бясалгал хийнэ гэдэгт эргэлзэж байсан. Гэхдээ тэд сурсан. Зул сарын баяраар хүүхдүүд бэлэг авахаасаа өмнө тайван суугаад бясалгал хийсэн. Тэдний өмнө маш олон төрлийн бэлэг байхад шүү дээ. Энэ бол гайхалтай зүйл” хэмээжээ.
Роберт Колманы бага сургуульд хэрэгжүүлсэн хөтөлбөр зөвхөн сурагчид бус гэр бүлийнхэнд нь эерэгээг нөлөөлжээ. Бясалгал, иогийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн дотор нэг ч хүүхэд сургуулиасаа завсардаагүй байна. Үүнээс гадна сурагчдын хичээлийн ирц нэмэгдсэн ажээ.