Даруулгатай, дэгтэй хүүхэд андашгүй. Тийм хүүхэд том хүнээс үг дууламтгай, тэдний сургаалыг сонсдог, чих зөөлөнтэй, сургаал ёсоор явахыг хичээдэг, зөв хүмүүжилтэй байдаг. сургаал авдаггүй, сонсовч нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаг, тийм хүүхэд сайн хүн болж төлөвшиж чаддаггүй.
Багаасаа хүний үг авдаггүй, чих хатуу, хүмүүжилгүй дэггүй өссөн хүүхдэд ямар ч сайн үг сургаал хэлээд нэмэргүй үүнийг монголчууд “илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэж зүйрлэдэг.
Монгол ардын зүйр цэцэн үгэнд:
- “Нялх ногоонд хур хэрэгтэй, нялх хүүхдэд сургаал хэрэгтэй”,
- “Үргэдэг моринд ташуур хэрэгтэй, өсөх залууст сургаал хэрэгтэй” гэсэн бол Бурхан багшийн ариун номлолд:
- “Сургаал сонсолгүй 100 жил амьдарснаас сургаалыг мэдэж нэг өдөр амьдарсан нь дээр” гэж айлджээ.
- Санамсаргүй хүнд сургаал юун хэрэг
- Сарлагийн үхэрт хазаар юун хэрэг гэх буюу
- Муухай хүнд толь юун хэрэг
- Мунхаг хүнд сургаал юун хэрэг (“Сургаалын үгс тод сарны гэрэл хэмээх оршивой”) гэжээ.
- Ишданзанванжил “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал”-даа:
- Цус шингэн судал хөнгөн таван насны үес
- Чанарыг зөвшөөн урсгал уран сургалттай
- Чадал тамир бадрах арван наснаас дээш
- Чанга зориг эхэлж сургаал үл авмой гэсэн нь чухам хүүхдийг бага насанд нь буюу тав зургаан насанд нь хүмүүжлийн суурийг зөв тавьж өгөх хэрэгтэй. үүнээс том болсон үед нь сургах нь “дахин хүмүүжүүлэх”-тэй адил хүмүүжүүлэхэд хэцүү болно гэсэн санаа юм.
Хүүхдийг багад нь зааж сургахгүйгээр “За яахав, бага юм ойлгохгүй” гэх мэтээр харилцаад сургуульд орсон үед нь зааж сургах гэж оролдох нь түгээмэл. Гэтэл энэ үе нь аль хэдийнээ оройтсон байх нь. Тиймээс хүүхдийг хүмүүжүүлэхдээ нас насны онцлогт тохируулан харилцаж, зааж сургаж байх шаардлагатай.
Хүүхдийг яаж сургах нь эцэг эхчүүдийн сурган хүмүүжүүлэх харилцаандаа анхаарвал зохих нийгэм орчны хүмүүжилтэй салшгүй холбоотой асуудал юм.