delhiig-oorchilson-huuhdiig

ТАНИЛЦ: Дэлхийг өөрчилсөн хүүхдүүд

Тэд бол хүүхдүүд. Гэхдээ онцгой. Тэдэнд бусдаас гойдын онцгойрох ухаан, авьяас чадвар байхгүй. Ердөө л ойр тойрондоо байгаа зүйлсийг засаж залруулах сэтгэл бий. Эдгээр хүүхэд бяцхан зүрхтэй ч уужим сэтгэлтэй, агуйг санаачлагчид юм.

Тэд хүрээлэн буй байгаль орчныг аврах, ядуу тарчиг хүмүүст туслах чин хүсэл эрмэлзэлтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цайлган сэтгэлийг тоглоом болгон, өхөөрдөөд өнгөрөх биш, дэмжих хэрэгтэйг тэдний жишээнээс харж болох юм.

Хасан Зафар 15 настай, Ширин 13 настай. Пакистаны Карачи хотод Гудамжны сургууль нээж орон гэргүй хүүхдүүдэд хичээл заадаг. Хасан, Ширин хоёр хичээлийн дараах чөлөөт цагаараа бусад хүүхдэд хичээл заахаар шийджээ. Тэд энэ оны эхээр хоосон талбайд Гудамжны сургуулиа нээсэн байна. Пакистанд эцэг, эхчүүд хүүхдэдээ боловсрол олгохыг эсэргүүцэж, оронд нь гудамжинд гуйлга гуйж, ажил хийхийг шаарддаг. Тиймээс Хасан, Ширин хоёр хүүхдүүдийн ажилд нь тааруулж, 16.00 цагаас хичээлээ эхэлдэг байна. Гудамжны сургууль анх 25 сурагчтай байсан ч одоо 80 хүүхдийг хамруулж байна. Мөн зургаан багшийг цалинтай ажиллуулах болжээ.

Юсра Мардини 18 настай. Иргэний дайны хөлд таван жилийн турш нэрвэгдсэн Сириэс Юсра Мардини дүүгийн хамтаар дүрвэжээ. Ингэж явахдаа тэрбээр 20 хүний амь аварсан аж. Мардини дүүтэйгээ Грекийн арал руу бяцхан завиар 18 хүний хамт явсан байна. Гэтэл хөдөлгүүрт завины даац хэтэрсэн тул эвдэрч, живж эхэлсэн байна. Мадини болон түүний охин дүү завийг чирэн аюулгүй бүсэд аваачсан аж. Герман улсад аюулгүй хүрч очоод Риогийн олимпт оролцох эрхтэй болсноо Мардини мэджээ. Тэрбээр шагнал хүртээгүй ч олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж, хэвлэлүүдийн анхаарлын төвд байлаа.

Энн Макосински 18 настай. Биеийн дулаанаар цэнэглэдэг гар чийдэн бүтээсэн. Канадын залуу зохион бүтээгч Макосински “Google”-ийн Шинжлэх ухааны үзэсгэлэнгийн хамгийн хүндтэй шагналыг 2013 онд хүртжээ. Тэрбээр “Hollow Flashlight” нэртэй гар чийдэн бүтээсэн юм. Уг гэрэл гарын дулаанаас эрчим хүч үүсгэж LED гэрлийг цэнэглэдэг байна. Энэ нь эрчим хүчний хүрэлцээгүй бүс нутагт оршин суудаг хүмүүст нэн хэрэгтэй хэмээн олон хүнээр сайшаагдсан бүтээл. Макосински үүний дараа халуун кофетой аяганаас үүсгэсэн эрчим хүчээр компьютер ажиллуулах арга олсон аж.

Кэти Стальяно 17 настай. Ядуу дорой хүмүүст шинэхэн ногоо хүргэдэг. АНУ-ын Өмнөд Каролина мужийн гуравдугаар ангийн сурагч Кетигийн арын цэцэрлэгтээ тарьсан нэг ширхэг байцай нь 18 килограмм болж ургажээ. Тэрбээр аварга том байцайгаа цайны газар өгч 275 хүнийг хооллосон байна. Одоо тэрбээр 32 мужид 100 гаруй бичил тариалан эрхэлдэг бөгөөд ногоо, ургацыг зөвхөн хүүхдүүд арчилж торддог. Ургацаа тэд орон гэргүй хүмүүсийг хооллодог цайны газруудад хандивладаг аж.

Уинтер Винсент 11 настай. Есөн настай Винс НҮБ-ын Дэлхийн цэвэр усны өдрөөр өөрийнхөө хайртай серфингийн тамирчдыг цэвэр усгүй амьдран суугаа хүмүүсийн талаар ярьж, тэдэнд туслахыг хараад үлгэр дуурайл авчээ. Улмаар Винс орон нутгийнхаа хүмүүсээс хандив цуглуулж, ус цэвэршүүлэгч шүүлтүүр аваад Индонезийн Ментавайн арлуудад хүргэж өгсөн байна. Австралид амьдардаг Винс тус аянд олон мянган сурагчдыг хамруулж, дэлхий даяар 30 мянга гаруй ам.доллар цуглуулжээ. Тэд сургууль дээрээ серфингийн хувцастай ирж, янз бүрийн үзүүлбэр үзүүлэн оронд нь хандив цуглуулдаг юм.

Лалита Прасида Срипада Срисай 15 настай. Энэтхэгийн тал нутгаар алхаж явсан Срисай фермерүүд эрдэнэ шишийн голыг замын хаяагаар хөглөртөл их хэмжээгээр хаяж байхтай таарчээ. Срисай тэднээс нэгийг гэр рүүгээ авч очоод савтай усанд хийсэн байна. Гэтэл ус илүү тунгалаг болсныг анзаараад цааш судалгаа хийж эхэлжээ. Удалгүй хатаасан эрдэнэ шишийн гол ус цэвэршүүлдгийг олж тогтоосон юм. Энэ аргаа хөгжүүлсээр усыг 70-80 хувь цэвэршүүлдэг төхөөрөмж боловсруулсан нь “Google” компаниас 10 мянган ам.долларын тэтгэлэг хүртсэн байдаг.

Хүн төрөлхтний түүхэнд бичигдэхэд том бие, их мөнгө тийм ч их хэрэггүй харин юуг

сонирхдог түүн рүүгээ тэмүүлэх сэтгэл агуу болгодог ажээ.

Leave a Reply