Гаазтай ундаа уухгүйгээр яаж амьдралын сайхныг амтлах юм бэ гэж өөрсдийгөө өмөөрөгчид 30, 40 нас шүргээд л өвчний “үүр” болно гэж ойлгож болно. Жаахан муухай сонсогдож буй ч сахарын агууламж ихтэй хүнс байнга хэрэглэх нь эцэстээ өвчинд нэрвэгдэхэд хүрдэг. Спортоор хичээллэдэггүй бол бүр ч залуудаа зүрх судас, чихрийн шижин буюу диабет, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Спортоор хичээллэдэг байлаа ч хэчнээн цагийн хөлсөө урсгасан хөдөлмөрийг тань ганц лааз гаазтай ундаа хормын дотор үгүй хийж чадах хүчтэй. Тиймээс бүх төрлийн гаазтай ундаанаас татгалзаж чадвал амьдрах насныхаа тоог нэгээр нэмж байна гэж ойлгоорой. Гаазтай ундааны оронд жимстэй цай, олон төрлийн уснаас сонгон ууж болно шүү дээ.