Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс 04 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзах үеэрээ “Гамшиг ослын үед иргэдийнхээ төлөө ажилладаг, бүх цаг үед хэзээд бэлэн байдалд ажилладаг Онцгой байдлын хэлтсийн техник тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлийн ажилд Засгийн газар, нийслэл, ОБЕГ анхаарч ажиллаж байгаа. Захын гурван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн машин техникийн асуудал хүндрэлтэй байдаг. Харин энэ асуудлыг үе шаттайгаар ийнхүү шийдвэрлэж байна.
Түүнчлэн Улсын Онцгой байдлын ерөнхий газарт эрүүл мэндийн зориулалтаар болон бусад гамшиг ослын үед ашиглах дөрвөн нисдэг тэрэг ирж байгаа. Ингэснээр бид цаг алдахгүйгээр иргэддээ үйлчлэх боломжийг бүрдүүлж чадна. Эдгээр байгууллагуудыг бэхжүүлж байж бид бүх төрлийн гамшиг ослоос иргэдээ урьдчилан сэргийлэх эрчимжүүлэх, гамшиг осол гарсан тохиолдолд авран хамгаалах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.