Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 4 дүгээр сарын 7-ны 15.00 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 5,908 (+113) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 45 (+4) хүн нас барж, 2,439 (+7) хүн бүрэн эдгэрсэн бол 96 (+3) хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 310,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан.
Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 2,686, Күинсланд 934, Викториа 1,191, Өмнөд Австрали 415, Баруун Австрали 470, Тасмани 88, Австралийн нийслэлийн бүс нутаг 97, Хойд бүс нутаг 27 тохиолдол тус тус бүртгэгдсэн.
Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Мөн Өмнөд Австрали (3 дугаар сарын 24-ний 16.00 цагаас), Баруун Австрали (3 дугаар сарын 24-ний 13.30 цагаас), Күинсланд (4 дүгээр сарын 3-ны 12.01 цагаас), Тасмани (3 дугаар сарын 20-ны 23.59 цагаас) мужууд болон Хойд бүс нутаг (3 дугаар сарын 24-ний 13.30 цагаас) тус тус хилээ хааж, халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.
Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 7-ны 09.00 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 1,160 (+54) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1 хүн нас барж, 241 (+65) өвчтөн бүрэн эдгэрсэн бөгөөд 12 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагууд нийт 42,826 хүнийг шинжилгээнд хамруулсан.
Дээрх улсуудад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол өдөр тутам нэмэгдэн бүртгэгдэх магадлалтай буй тул иргэд та бүхнийг олон нийт цугларсан газраас аль болох хол байж, суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна