undesnii-shigshee-holbombog

Хөлбөмбөгийн хөвгүүдийн шигшээ Вьетнамыг зорино

Монголын 16 хүртэлх насны хөлбөмбөгийн хөвгүүдийн шигшээ баг ирэх сарын 12-24-нд Вьетнамын Ханой хотноо болох ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макао улсын багтай тоглохоор учраа таарсан.

МХБХ-ноос өчигдөр 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид, тэдний эцэг эхчүүдтэй уулзалт өдөрлөг зохион байгуулав.

Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид МХБХ-ны “Элит” академид суралцан бэлтгэгдэж байгаа бөгөөд 16 хүртэлх насны шигшээ багийг Хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн, Европын ХБХ-ны “UEFA Pro” зэрэглэлтэй дасгалжуулагч Растислав Бозик удирдаж байгаа.

Дээрх уулзалт-өдөрлөгийн үеэр өсвөрийн тамирчид эцэг эх, багш дасгалжуулагчдынхаа өмнө нээлттэй бэлтгэл хийсэн бөгөөд дараагаар нь дасгалжуулагч Р.Бозик тус шигшээ багийн бэлтгэлийн төлөвлөгөө, тэмцээний хуваарь болон МХБХ-ны “Элит” академийн бодлого зорилгын талаар танилцуулав.

Сонирхуулахад, ирэх сарын 5-наас 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо эхлүүлэх Монголын үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал, хагас хамгаалагч М.Төгөлдөр, хаалгач Б.Ариунболд нар дээрх уулзалт, нээлттэй бэлтгэлд зочилжээ.

Leave a Reply