61238768_2441083852792815_2025516485283151872_n_20190522125311

“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам болно

Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.

“Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах уг наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэхдээ ““Өхөөрдөм гоёо” наадам маань зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, манай нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Энэ жилийн наадмынхаа хүрээнд хүүхдүүдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолтыг мөн Монголын хүүхдийн ордонд үзүүлэх юм” хэмээн онцоллоо.

Leave a Reply