B0080IIGB4.PT03

Бяцхан үрсээ усанд оруулахад анхаарах зүйлс

Шинэ аав, ээжүүдэд бяцхан үрээ хамгийн анхны удаа усанд оруулах явдал амьдралынх нь мартагдашгүй дурсамжуудын нэг байдаг. Гэвч туршлагагүйгээсээ болж хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүйгээс авахуулаад олон саад, бэрхшээл тулгардаг. Тиймээс энэхүү нийтлэлээрээ шинэ аав, ээжүүддээ зориулан бяцхан үрсээ хэрхэн усанд оруулах талаар зөвлөгөө хүргэж байна.

  1. Хэд хоногийн давтамжтай усанд оруулах вэ?

Нярай хүүхдийг усанд оруулахад анхаарах хамгийн чухал зүйл бол хүүхдийн хүй цөглөх явдал байдаг. Шинээр мэндэлсэн хүүхдийн хүй төрснөөс хойш 3 долоо хоногийн дотор цөглөдөг. Мөн хүүхдийн хүй хуурай, цэвэр байх тохиолдолд элдэв халдвар авахгүй, амархан, хурдан цөглөдөг. Иймд хүйг нь цөглөсний дараа хүүхдээ бүтэн биеэр нь угааж, усанд оруулж эхлэх нь зүйтэй. Эхний 1 долоо хоногт нярайн нүүр болон бөгсний хэсгийг бүлээн усаар норгосон зөөлөн алчуураар арчаад байхад хангалттай. Нярайн хүйг нь цөглөсөнөөс хойш эхний 28 хоног буюу нярай үед нь долоо хоногт ердөө 2-3 удаа усанд оруулах нь тохиромжтой гэж үздэг. Учир нь нярайг өдөр бүр усанд оруулах нь элдэв харшил авах эх үүсвэр болдог. Харин 28 хоногоос хойш бяцхан үрээ өдөр бүр унтахынх нь өмнө усанд оруулж байгаарай.

  1. Хэрхэн угаах вэ?

Усанд оруулах орчинг бэлдэх: өрөөг дулаан байлгах, цонх, хаалгыг хаах. Хүүхдийн цэвэр алчуур, солих хувцас зэрэг хүүхдийг усанд оруулахад хэрэгтэй бүх зүйлсийг өөрийнхөө ойрхон тавьж, бэлдэх. Хүүхдийн толгой уснаас ил гарахаар тооцоолон хүүхдийнхээ баннанд бүлээн ус хийнэ. Усны температур 37-38ºС-ын хооронд байх нь хамгийн тохиромжтой. Хүүхдийнхээ хувцас, живхийг тайлж, алчууранд нь орооно. Нэг гараараа хүзүү, толгойноос нь түшин хүүхдээ аажим ваннтай ус руу оруулна. Ус мөр хүртэл нь бүрхэж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүүхэд тань даарахгүй. Биеийн бүхэл хэсгийг усаар та өөрөө хүсвэл хүүхдийн зориулалтын савангаар угааж болно. Хүүхдийн нүд, чих, нүүр, хүзүүг дээрээс нь доош нь зөөлөн илж угаана. Дараагаар нь хүүхдийнхээ бөгс, бэлэг эрхтнийг угаана. Үүний дараа хүүхдээ өргөж, цэвэр алчуур дээр тэр даруй тавьж, ороогоорой. Хүзүү, цавь, суга зэрэг нугалаастай хэсгүүдийг сайн арчих хэрэгтэй. Сайтар арчиж хуурай болгосны дараа хүүхдийн чийгшүүлэх тос түрхэж, массаж хийгээрэй. Эцэст нь хүүхдийнхээ цэвэрхэн хувцсыг өмсгөнө. Шинэ төрсөн нярай дулаанаа маш хурдан алддаг тул өрөөний температураа анхаараарай.

  1. Үсийг нь хэрхэн угаах вэ?

Хүүхдийн үсийг долоо хоногт 1 юмуу 2 долоо хоногт 1 удаа  саван эсхүл шампуниар угаахад хангалттай. Хүүхдийг нэг гараараа тэвэрч, өвөр дээрээ дээш харуулан хэвтүүлж, нөгөө гараараа бүлээн ус гар дээрээ хийлгэж хуйхыг нь зөөлөн шавшиж угаана. Хүүхдийн зориулалтын шампунь хэрэглэх хэрэгтэй эсвэл зүгээр усаар угааж болно. Эцэст нь үсийг нь усаар зайлж,  зөөлөн арчина. Хүүхдийг усанд оруулах нь хүүхдийг тайвшруулах, нойр хүргэх зэрэг олон сайн талтай байдаг. Хүүхдээ усанд оруулж байхдаа хэзээ ч ганцааранг нь үлдээж, анхаарлаа сарниулж болохгүй. Мөн бас нэг анхаарах зүйл бол хүүхдээ дааруулж, салхи авахуулж болохгүй. Усанд оруулах өрөө, тасалгаа, ванны өрөөгөө дулаан байлгаж, усны температурыг нь шалгаж байгаарай.

Leave a Reply