family-love

Хайр мэдэрч өсөх нь хамгийн зөв хүмүүжил

   Та нөхөртөө эсвэд эхнэртээ үргэлж хайрыг түгээж байхыг хичээгээрэй. Учир нь хүүхэд  хайрын харилцаанаас суурь хүмүүжлийг эзэмшдэг юм. Ингэхдээ ээж, аав хоёрын аль нэг нь биш юм шүү. Хоёул хайрлавал бүтэн, хэн нэг нь хайрлавал хагас хайраар л хүмүүждэг ажээ.

Та үүнийг мэдэх үү? Эцэг эхийн хоорондын хайр сэтгэлийн дотно харьцааг хүүхэд мэдэрвэл хүүхдийн дотоод сэтгэл, түүний тогтвортой байдал өөр хаанаас ч олж авч чадахгүй амьдралд итгэх итгэлийг олж авна. Үүнээс гадна хүүхэд тань хүмүүсийн харьцаанаас өөр аргаар ч гэсэн олж мэдэрч чаддаг болно. Аав ээжийн хайр дотно харьцааг мэдэрч таньсан хүүхэд ертөнцөд инээд авчран бусдад дамжуулдаг. Таны хүүхдэдээ үзүүлсэн хайр халамжийн хэрээр тэд танд халамж тавьж сурна.

Бас хүүхдүүдтэйгээ хөгжилдвөл бүүр догь. Та дэндүү дүнсгэр бол гэр бүл тань дэндүү уйтгартай гэсэн үг. Америкийн уран зохиолч Оскар Вайльд “Хүүхдийг сайн болгох арга зам нь тэднийг баяр баясгалантай болгох явдал мөн” гэж хэлжээ. Тиймээс ч гэр бүлээрээ амралтын өдрүүдэд аялж зугаалан цагийг сайхан өнгөрүүлж заншсанаар тэр дуулгавартай сайхан сэтгэлтэй болоход нь том түлхэц болно. Мөн Чарльз Бакстен хэлэхдээ “Хүүхдийг баяр хөөртэй болгох нь тэдний төлөө хийх зүйлийн анхны үүрэг юм. Тэднийг хөөр баясгалантай болгоогүй бол хүүхдэд бурууг үйлдсэн хэрэг болно. Өөр ямар ч зүйлээр орлуулан энэ дутагдлыг засаж болохгүй” гэжээ.

Аав аа ээж ээ , сонсож сурах нь чухал шүү. Балчир нас гэдэг бол нэг ёсондоо чалчаа үе гэж ойлгож болно. Сонсож сурна гэдэг сайхан. Таны хүүхэд танаас нэг асуултыг өдөрт хэдэн ч удаа асууж магад эсвэл анхаарлыг тань татах гээд янз бүр болж ч мэднэ. Утгагүй уурыг чинь хүргэх энгийн ойлгомжтой зүйл ярьж байсан ч та уншиж буй сониноо тавиад анхааран сонсох нь тэдэнд ямар их аз жаргал гээч. 2-15 настай хүүхэд амьдралынхаа хугацаанд 500 000 асуултыг эцэг эхдээ  тавьдаг гэсэн судалгаа бий. Энэ нь эцэг эхчүүд хагас сая удаа хүүхдийнхээ төлөө сургамжийн үг, амьдралын туршлага дамжуулах сайхан боломж  гэсэн үг.

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ. Чин сэтгэлээсээ хэлсэн урмын үгийг хүүхэд  бүхэл амьдралынхаа туршид санаж явдаг. Цэцэгт ус хэрэгтэй байдаг шиг хүүхдэд магтаал урамшуулал нэн чухал. Ингэхдээ хийсэн үйлдэл бүхнийг нь шагшин магтаад бай гэсэн үг биш. Хүүхдүүддээ урам хайрлахын тулд хийсэн үйл бүрийг мартахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тиймээс урамшуулах магтах боломж өдөр бүр бага зүйлд ч гарч болдгийг санаарай. Америкийн зохиолч Лонгфеллоу хэлэхдээ: “Хувцасны цоорхойг нөхөж болно ,харин хүүхдэд хандсан хатуу үг түүний сэтгэлийг шархлуулна” гэжээ. Энэ ямар сайхан юутай үнэн үг вэ?

ХҮН ӨСГӨНӨ, ХҮНИЙГ ХҮН БОЛГОНО ГЭДЭГ ХЭЦҮҮ Ч ХАМГИЙН ИХ АЗ ЖАРГАЛЫГ БЭЛЭГЛЭДЭГ АЖИЛ

Leave a Reply