bogj-niiluuleh-togloom

Шинэ бэрийн ухааныг сорих “БӨГЖ НИЙЛҮҮЛЭХ” тоглоом

             Эрхэм та өмнө нь БӨГЖ НИЙЛҮҮЛЭХ хэмээх тоглоом гэж дуулсан уу. Энэ нь уламжлалт Монгол наадгай бөгөөд тоглоомын утга учир,  тоглох дүрмийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан “Бөгж нийлүүлэх” тоглоомоор шинждэг байжээ.

Бог малын / хонь ямаа / чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна гэж дүгнэдэг байжээ. Энэхүү наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм.

Мөн түүнчлэн Монголчууд хүргэн болох хүнийхээ оюун ухаан, амьдралын холч харааг сорих тоглоом наадгай ч зохиохоо мартсангүй. Охид нь гэрлэх насанд хүрмэгц эцэг эхчүүд шагайн чөмөг хоёр ширхэгийг бэлтгэж эхэлнэ. Нэгийг нь сайтар мөлжиж жаахан хальс үлдээх бол, нөгөөг нь мах хальс зэргийг багагүй үлдээж хатаана. Ингээд хүргэн болох залуугаа бүх зүйлээр нь шинжиж тохиромжтой гэж үзвэл цэвэрлэсэн шагайн чөмгөө өгдөг.

Шагайн чөмөгний шагайг хялбархан мулталсан залууг “Эр бие гүйцэж, эхнэр авах цаг нь болсон” гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авна. Харин нутаг усандаа нэр муутай, удам судар нь тодорхойгүй хүнд ямар ч бөх хүн мулталж чадахааргүй хатсан хальстай шагайн чөмгөө өгчихдөг байж.

Ингээд л хүргэн болох хувь тохиогоогүй залууд “Уламжлал ёсоороо шагайн чөмөг мултлах тоглоом тоглолоо. Гэвч эр бие чинь гүйцээгүй тул охиноо өгөх арга алга” тиймээс эхлээд эр биеэ гүйцээсний дараа охиныг минь гуйгаарай” гэж дайлж цайлан буцаадаг байсан түүхтэй аж. 2

Leave a Reply