Нэг хүртэл насны хүүхдийн эрүүл байх үндэс нь амьдралын эрүүл орчин, хөдөлгөөн, хоол тэжээл, нойр, зохистой асаргаа бөгөөд улмаар хүүхэдтэйгээ аль болох их ярих, өхөөрдөх, хайрлаж байгаагаа мэдрүүлэх, урамшуулах, зөв үлгэрлэх нь ач холбогдолтой. Хүүхдийн нүүр гарыг угаах, усанд оруулах, хооллох, нойрсох, бие засах зэрэг асаргааг тогтмол хийх хэрэгтэй тул эцэг эхэд дараах зөвлөгөөг хүргэж байна.
ХАМАР ЦЭВЭРЛЭХ
Хүүхдийн хамрыг тогтмол цэвэрлэх ба хөвөнг маш нарийн ороож цэвэрлэнэ. Хатсан нустай бол хамрын нармай хэсэгт гаднаас нь вазелин, ургамлын тос түрхэж хэсэг байлгаж зөөллөсний дараа буцалсан бүлээвтэр ус дусааж доош харуулж нурууг нь илэхэд нус нь аяндаа урсаж гардаг. Харин шингэн нустай бол хуурай хөвөнгөөр тун болгоомжтой, зөөлөн эргүүлж цэвэрлэнэ.
ЧИХ ЦЭВЭРЛЭХ
Усанд орсных нь дараа чихний дэлбээг цэвэр хөвөн бөмбөлгөөр арчиж цэвэрлэнэ.
ХУМС
Гарын хумсыг тойруу хэлбэрээр, хөлийн хумсыг шулуун авна.
НҮД ЦЭВЭРЛЭХ
Хүүхдийн нүдийг буцалсан бүлээн усаар норгосон хөвөн бөмбөлгөөр гадна булангаас дотор булан уруу чиглүүлж зөөлөн арчиж цэвэрлэнэ.
УСАНД ОРУУЛАХ
Алчуур, цэвэр хувцас, өлгий, биеийн тос, цацлагыг усанд оруулахын өмнө бэлтгэсэн байна. Ваннанд 36-37 орчим хэм, ванны ёроолоос 5-10 см орчим бүлээн ус хийсэн байвал тохиромжтой. Хүүхдийн чихэнд нь ус орохоос сэргийлж хөвөнгөөр бөглөж болно.