Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн нарийн ёс заншилтай ард түмэн. Өлгийтэй хүүхдийн дээрээс унжих тоглоом нь хүүхдийн харааг тогтоох, өнгөний ялгаанд дасгах ойр зуурын юм ажиглах чадвартай болгох зорилгоор зүүдэг байна. Ингэж зүүхдээ 50-60 см-ийн зайнд хүүхдийн нүдэнд хэт ойр ба хол өлгөхгүй дээрх хэмжээг барин өлгөх нь зүйтэй.
Ийнхүү тоглоом унжуулдаг нь эртний монголчуудын хүүхдээ айж цочих, элдэв гай барцадаас хамгаалах зорилгоор нэг үгээр хэлбэл дом шүтлэгийн хэлбэрээр зүүдэг юм. Монголын олон угсаатанд хэрэглэгддэг бөгөөд голдуу унжлага, тоглоом, сахиус, зангиа гэх мэтээр нэрлэдэг байна. Хүүхдийн дээр өлгөх тоглоомонд эрэгтэй эмэгтэй хүүхдээсээ шалтгаалан өөр өөр байна.
Тухайлбал эрэгтэй хүүхдэд нум сум, тэнгэрийн сум гэгдэх хүрэл сумны зэв, үзүүрт зэвсэгийг дүрсэлсэн зүйл, арслан шонхор шувуу, нар сар од зэргийг дүрслэн хайчилж эсгий үнэгийн хамт зүүдэг бол бүсгүй хүүхдэд олон өнгийн тууз, шүр сувд, хонх, зүү утас, хайч дүрсэлсэн зүйлсийг мөн эсгий үнэгийн хамт зүүдэг байна. Энэ бүхэн нь хүүхдээ эрүүл чийрэг элдэв муу зүйлээс ангид бат бөх хүн болохыг бэлгэдэх утга учиртай зүйл билээ.
~Өлгийтэй үрдээ ҮНЭГ ХАЙЧЛАХ-ын учир…~
Харин өнөө үед олон өнгийн тоглоом янз бүрийн дуу хөгжим бүхий зүүлт зүүх болсон. Энэ нь тухайн хүүхдийн эрүүл мэндэд хортой эсэхийг нь сайтар хянаж зүүх нь зүйтэй. Хүүхдийн унжлага тоглоомонд үнэг хайчилдагийн учир гэвэл хүүхэд унтаж байхдаа инээх маяг үзүүлэхийг “үнэгчилэх” гэж ярьдаг.
Түүнээс үүдэн эртний домог ярианаас үндэслэн “ эсгий үнэг” хайчлаагүй бол хүүхдийн зүүдэнд нь үнэг хүрч ирээд “ээж чинь байхгүй шүү” гэж хэлээд хүүхдийг унтуулдаггүй гэнэ. Харин үнэг хайчлаад унжуулсан бол “энэ хүүхэд чинь үнэгтэй юм байна” гээд буцаад явдаг гэсэн ардын домог яриа байдаг.
Үнэгийг ихэвчилэн хүүхдийн эцэг юмуу нагац ах нь хайчилж өгдөг. Заавал яагаад үнэг хайчилдаг вэ? гэхээр үнэг бол зальтай сэргэлэн, сонор соргогоос гадна маш их энерги гаргах чадвартай амьтан болохыг эрдэмтэд баталжээ. Мөн үнэг нь их үнэнч, өөрийн үүр, үрээ өсөж өндийтөл нь орхидоггүй үргэлж тордож дагадаг зантай байна.
Visitor Rating: 3 Stars