hereg-zorchil

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Архивын газрын даргаар томилогдсон Б.Баатархүү болон нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдсон Р.Батрагчаа нарын товч танилцуулгыг уншиж сонордуулав. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оныг “Нэг хот-Нэг стандарттай хот болгон зарлах тухай” А/01 дүгээр захирамжийг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан юм.

Мөн хуралдаанаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2019 оны сүүлийн 14 хоногт Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал болон 2019 онд хийгдсэн шуурхай зөвлөгөөний ирц, гүйцэтгэлийн тайлангийн талаарх мэдээллийг хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнгөрсөн онд нийт 22 удаа зохион байгууллаа. Үүнээс өргөтгөсөн хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байна. Нэг жилийн хугацаанд Хотын захирагчаас 350 үүрэг даалгаврыг өгснөөс нийт гүйцэтгэл 91.7 хувьтай хэрэгжлээ. 2018 онд Хотын захирагчаас нийт 191 үүрэг даалгаврыг өгч байсан бол 2019 онд 350 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулж ажилласан нь өмнөх жилийнхээс нэг дахин өссөн үзүүлэлттэй байна” хэмээн онцолсон.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Б.Даваадорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Цагдаагийн удирдах газар хэв журам хамгаалах чиглэлээр нийслэл хотын хэмжээнд явган эргүүлийн 2382 чиглэлд 4764 алба хаагч үүрэг гүйцэтгэж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 33 гэмт хэргийн халуун мөрөөр нь илрүүлсэн. Зөрчил гаргасан 4384 хүнд 269 сая 660 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Архидан согтуурч зөрчил гаргасан 1307 хүнийг эрүүлжүүлсэн байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны 18:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 08:00 цагийн хооронд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, харьяа байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэглэлд шилжин ажилласан. “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн улсын байцаагч, Нийслэл, дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран зургаан удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, 41 зөрчил илрүүлэн, 292 шил архи, 54 шил дарс, 221 литр шар айраг, 900 хайрцаг тамхи хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон. “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний хэв журмын хамгаалалт болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр төрлийн сэрэмжлүүлэг, гурван текстэн мэдээ, 31 фото зураг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээ хуудсанд байршуулсныг давхардсан тоогоор 530.0 мянга гаруй хэрэглэгч үзсэн байна” гэв.

~Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо~

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 78, аврах ажиллагааны найм, нийт 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэний амь, насыг аварч, 104 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шинэ жилийн баяр наадмын өдрүүдэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, нийт 470 гаруй алба хаагч, гал унтраах болон тусгай зориулалтын 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Цаг үеийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбогдуулан эцэг, эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх, пийшин, зуухны зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэж байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 139 ахлах байцаагч хяналт шалгалтыг арванхоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн есөн дүүргийн 961 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хамруулан зохион байгуулж ажиллалаа. Хяналт шалгалтад 545 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, гэр хорооллын хүнсний дэлгүүр, ТҮЦ, 98 хүнсний үйлдвэр, цех, 327 ресторан, зоогийн газар, катеринг, хүргэлтийн хоолны газрууд хамрагдсан. Нийслэлийн Засаг даргын А/1240, А/1334 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын А/92 тушаалын дагуу Д.Сүхбаатарын талбайд 2019.12.31-ний өдрийн 18:00 цагаас 00:00 цагийн хооронд 31 улсын /ахлах/ байцаагч, албан хаагч нар хяналт тавьж ажиллалаа. Багануураас Улаанбаатар хот руу 210 кг түүхий нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлэн, Нийслэлийн засаг даргын А/1118 тогтоолын дагуу улсын байцаагчийн акт үйлдэн Амгалан дулааны станцид хүргүүлэн, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авлаа. Налайхаас Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүй 4 тн түүхий нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлэн ЗТХ-ийн 15.2 зүйлийн 1.1 дэх заалтаар торгуулын арга хэмжээ авч, түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч Амгалан дулааны станцид хүргүүлэв” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3884 дуудлага мэдээлэл хүлээн авч 1007 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Гэмт хэргийн шинжтэй осол 72 бүртгэгдэж, хүн гэмтсэн 93, зам тээврийн осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шинэ жилийн баярын үйл ажиллагаа, тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагад 120 ширхэг албан мэдэгдэл хүргүүлж, “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоод”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400.000+1 жил эрх хасна” гэсэн бичиглэл бүхий наалтыг байгууллагын үүдэнд, ариун цэврийн өрөө, иргэд хүлээн авах өрөөнд нийт 1200 ширхэгийг наалгах ажлыг зохион байгуулсан. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцогч нарт эерэг сэтгэгдэл төрүүлэх зорилгоор “Санта цагдаа” арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө, Залуучуудын гудамж, Чингисийн өргөн чөлөө, нисэх болон төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал орчимд 18 постод “Санта цагдаа”-аар үүрэг гүйцэтгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Холбогдох албан тушаалтнуудын танилцуулсан мэдээлэлд дурьдсанаар, иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласнаар энэ шинэ жилийн баярын үеэр гэмт хэрэг зөрчил, урьд жилүүдтэй харьцуулахад цөөн байжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply