Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олгохоор болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргасныг цугласан олонд уншиж сонордуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ХҮ” ХАМТЛАГИЙГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН – “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж, рок хөгжмийн “Хү” хамтлагийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон -“Чингис хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг “Хү” хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ХҮ” ХАМТЛАГТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН – “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛАХ БОЛСОН ТАЛААРАА:
Монгол Улсын иргэд ээ,
Дэлхий даяарт тархан суурьшсан монголчууд аа,
Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийн халуун дотно мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Он цагийн урсгалд олон түүхэн хүмүүс, түүхт үйл явдлууд бүдгэрэн, мартагдан алсарч байхад Их Эзэн Чингис хааны маань алдар гавьяаг хүмүүн төрөлхтөн улам бүр тодруулан, онцолсоор байгаа билээ. Германы аугаа философич Георг Хэгель 1837 онд бичсэн “Түүхэн философи” бүтээлдээ “Хүн төрөлхтний түүх монголчуудтай хамт эхэлсэн юм. Чухамдаа монголчууд түүхэн дэх анхны хууль цаазат хүчит төрийн суурийг байгуулж чадсан үндэстэн бөгөөд тэдний үзэл санааны дор өнөөгийн бүхий л их гүрнүүд, дэлхийн үндэстнүүд замнаж яваа…” хэмээн дүгнэн бичиж байжээ. Гайхамшигтай.
Гүн ухаантан Г.Хэгелийн дурдсан хүчирхэг төр нь Их Эзэн Чингис хааны маань “Алд бие минь алжааваас алжааг” хэмээн зүтгэж босгосон “Аху төр – Монгол төр” байсан. Гэм буруутанд таарах хариуцлагыг ногдуулах, гавьяатанд зохих шагналыг олгох нь Төрийн нэгэн чухал үүрэг хэмээн Чингис хаан үздэг байжээ.
Монголын төр өнөөдөр гавьяатнуудаа шагнан алдаршуулж байна.
~Чингис хаан одонг “The Hu” хамтлагт олголоо~
Монголчууд аа,
Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлагт олгохоор шийдвэрлэлээ!
Бид Та нараар бахархаж байна. Монгол түмэн Та нараар омогшин баясаж байна. Их найрагч Р.Чойномын “Миний Монгол” найраглалд өгүүлсэнчлэн Монголын дуу бол моторын чимээ биш, морьтон ардын сэтгэлийн уянга болохыг дэлхий дахинд нотлон харуулсанд чинь баярлалаа.
Энэ бол нүүдэлчин удмын монгол залуусын хамтын хүч, хамтын зүтгэл, хамтын амжилт юм. Ерөнхий продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондог тэргүүтэй “Хү” хамтлаг. Гишүүд болох Цэндбаатарын Галбадрах, Батсайханы Энхсайхан, Галсанжамцын Нямжанцан, Наранбаатарын Тэмүүлэн, Гантөмөрийн Одбаяр, Аюушжавын Жамбалдорж, Маралхүүгийн Өнөмөнх, Батбаярын Батхүү, Цэндбаатарын Надмидтулга, Брэндон Фрайзен Та бүхэнд Их Эзэн Чингис хааны одонг монгол түмний нэрийн өмнөөс гардуулж байна. Дахин баяр хүргэе.
“Хү” хамтлагийнхан эхний цомгоо “Гэрэгэ”-ээр нэрлэсэн нь үнэхээр оножээ. Та бүхний уран бүтээл Их Эзэн Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адил дэлхий даяар Монголын нэрийг түгээн, хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн би ихэд бэлгэшээн, итгэж байна.
Монголын “Хүннү рок” – “Хү” хамтлагийн анхны дуу интернэт орчинд нэг жилийн дотор 26 сая сонсогчид хүрч, өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байна. 2019 оны 6 дугаар сараас тус хамтлаг Европын 13 орны 23 наадмаар аялан тоглолт хийжээ. Одоо Америкийн Нэгдсэн Улс, мөн Канад Улсаар тойрон 60 орчим бие даасан тоглолт хийгээд явж байгаа юм байна. Амжилт хүсье.
Та бүхэнд энэ хүндэт шагналыг олгох мөчид надад 1965 оны 5 дугаар сард алдарт “Битлз” хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд орж байна. Английн Хатан хаан “Битлз” хамтлагт шагнал олгох болсон шалтгаанаа “Британийн нэр хүндийг дэлхий даяарт өсгөсний төлөө” хэмээн тайлбарлаж байсан. Өнөөдөр Монголын төр Та бүхнийг төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнахдаа үүнтэй ижил шалтгааныг дурдахад таатай байна. Та бүхэнд амжилт хүсэж, аз жаргал сайн сайхан бүхнийг ерөөе.
Монгол бидний хийморь бахархал Дээд тэнгэрээс заяат төрсөн Их Эзэн Чингис хааныхаа суу билигт бишрэн мөргөцгөөе. Таны үүсгэн байгуулсан Монгол төр, Таны сүлд хийморь үр хойчис биднийгээ үргэлжид ивээх болтугай!
Мөнх тэнгэр биднийг ивээг!” гэж хэллээ.