Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан.
Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.
“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд бүс бүсээс шалгаран оролцсон Улаанбаатар бүсийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсийн Завхан аймгийн Улиастай сумын IV сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын I сургуулийн “Шонхор” бүлэг, Өмнөд бүсийн Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч, хурд хүч, мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын I сургуулийн “Шонхор” бүлэг, дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг шалгарсан юм.
Харин тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар шалгарсан байна.