Гэр бүлийн амар тайван, баяр хөөр ааваас шууд шалтгаалдаг. Аав гэр бүлээ бүхий л зүйлээс хамгаалдаг байх ёстой. Аав хүн бидний амьдралд өндөр үүрэг рольтой байдаг. Ааваараа энэ дэлхийн бүх эр хүнийг төсөөлөн бодож бид хүн болдог. Аавынхаа нэрээр овоглон, аавыгаа ертөнцийн баатар болгон төсөөлж өсөж торнидог. Хүүхдүүдтэй муудалцаад уйлж суухдаа “аавдаа чамайг хэлнэ дээ” гэж нулимсаа арчин, хамгаалалт ард байгаа гэдгээ мэдрэх үе их байдаг. “Чамайг аавдаа хэлнэ дээ” гэж хэлж өсөөгүй хүүхэд байхгүй. Эхнэр, хүүхдүүддээ ААВ гэдэг гайхамшигтай баатар байх ёстой. Үүнийг бүр мах цусандаа шингэтэл ойлгоосой гэж би эрчүүдээсээ хүсдэг. Энэ гайхамшигт “хамгаалагч”-ийн мэдрэмжийг зүрх сэтгэлдээ аваасай. Хүүхдүүд нь, эхнэр нь, аав ээж нь тэр үед хүүгээрээ, ааваараа, нөхрөөрөө ямар их бахархана гээч.
Аав хүн гэр бүлдээ дүрэм тогтоон, түүнийхээ дагуу хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж, дэг журамтай, сэтгэлийн хаттай, жинхэнэ эр хүн, жинхэнэ эмэгтэй хүмүүсийг өсгөн торниулах үүрэгтэй.
Миний аав биднийг бага байхад ээжийг минь ямар их халамжлан байдгийг бид харж өссөн, долоон хүүхдээ ямар их хайрлан, өмөөрөн өсгөснийг бид мэддэг. Аав минь дээрх гурван үүргээ маш сайн биелүүлсэн учраас ээж минь аз жаргалтай, ямар ч өвчин хуучгүй сайхан буурай болж, үр хүүхдүүд нь бүгд амжилттай, элэг бүтэн сайхан амьдарч байна. Энэ бүхнийгээ би аавынхаа ач буян, бүр ГАВЬЯА гэж боддог. Аав минь үүрэг даалгавраа маш сайн биелүүлсэн, жинхэнэ ЭР ХҮН, бидний БААТАР, ээжийн минь хамгийн хайртай ХАНЬ нь юм. Эрчүүд минь энэ гурван үүргээ л хангалттай биелүүлчихвэл амьдрал ямар амар тайван, бас ямар их өгөөмөр болохыг өөрөө ч харна, эхнэр үр хүүхдүүд нь ч харах болно.