Энэ сарын 28-ны өдөр Олон Улсын Ротари сан, Гинован Ротари клуб, Ёкохама-Каназава ротари клуб, Туул Ротари клубүүдийн хамтран хэрэгжүүлж буй “Happy birth & Happy baby” буюу “Эрүүл төрөлт & Аз жаргалтай хүүхэд” төслийн “Нярайн зүрх-уушгины амилуулах тусламж” сургалтыг Дундговь аймагт боллоо.
Сургалтад Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барихын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагч нар, сумдын эх баригч нар болон Эрдэнэдалай, Говь-Угтаал сумдын сум дундын эмнэлгийн эх барихын эмч нарыг хамруулсан юм. Сургалтыг нярайн мэргэжилтэн багш нар удирдан явуулсан бөгөөд Япон Улсад үйлдвэрлэсэн нярайн сэхээн амьдруулалтын модель куклыг ашиглан дадлага сургуулийг хийсэн юм. Долоон сая төгрөгийн өртөг бүхий тус моделийг дагалдах хэрэгслийн хамт Нэгдсэн эмнэлэгт гардуулан өгчээ.
Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал “Дундговь аймгийн төрөх тасагт жилд 1100 орчим эх төрдөг бөгөөд сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан. Мөн нялхсын эндэгдэл улс аймгийн дундаж төвшнөөс доогуур байгаа. Бид цаашдаа шинээр мэндэлж буй хүүхэд бүрийг амьдруулахын тулд эх барихын эмч, сувилагч, нярайн эмч сувилагч нараа тус сургалтаар дамжуулан чадавхжуулж байна. Сургалтын үр дүнд мэргэшсэн нярайн эмчийг иртэл бүтэлттэй, эрсдэлтэй төрсөн нярай хүүхдэд сэхээн амьдруулах арга хэмжээ, тусламж үйлчилгээг зөв үзүүлэхэд чадавхжин, нярайн эндэгдлийг бууруулахад онцгой ач холбогдолтой юм” гэж онцлов.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ