paralimpyc-mongolia

Монгол улс анх удаа “Монголын паралимпийн өдөр”-ийг тэмдэглэлээ

Монгол улс анх удаа 2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр Монголын паралимпийн өдрийг тэмдэглэлээ. Цаашид энэ өдрийг уламжлал болгон тэмдэглэх бөгөөд “Бээжин-2008” зуны паралимпийн 13 дугаар наадмаас Монгол Улсын тамирчин Д.Баатаржав байт харваагаар паралимпийн анхны алтан медаль хүртсэн түүхт өдрийг билэгдэн есдүгээр сарын 14-нийг сонгожээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон Монголын паралимпийн өдрийн баяр, Үндэсний паралимпийн хорооны дээд шагнал “Алтан нар” гардуулах ёслолын ажиллагаанд 17 спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, аймаг орон нутгийн төлөөлөл, тамирчид нийлсэн 400-аад хүн оролцов. Энэ жилийн “Алтан нар”-ын эзнээр Шагдарын Бямбасүрэн тодорлоо. Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавын анхны дасгалжуулагч, байт харвааны Олон улсын хэмжээний мастер юм.

Баярын ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын Үндэсний Паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд-спорт” хорооны дарга Н.Оюунбат, Паралимпийн анхны алтан медальтан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав болон Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Б.Ууганхүү тэргүүтэй үе үеийн тамирчид оролцов. Мөн Азийн Паралимпийн гүйцэтгэх захирал Тарек Соуе болон албаны төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро нар БСШУС-ын сайдын урилгаар оролцож, тусгайлан баяр хүргэлээ.

~Монгол улс анх удаа “Монголын паралимпийн өдөр”-ийг тэмдэглэлээ~
baatarbileg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг

БСШУС-ын сайд, Олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооны дэд дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ паралимпийн тамирчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн параволейбол, 2018 онд парахөлбөмбөг, 2019 онд тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг хөгжүүлэх, парацаны тамирчдын амжилтыг ахиулахын тулд эдгээр спортын холбоодод төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн болохыг онцлоод тамирчид маань олимпийн наадамд оролцох эрхээ нэмэгдүүлж, “Токио-2020” зуны пара олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулахыг ерөөлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангиллын дагуу пара спортын холбоодод бэлтгэл, сургалтыг нь зохион байгуулж, тус холбоодын ажил үйлчилгээг нэгдсэн бодлогоор удирдан чиглүүлсний үр дүнд манай тамирчид “Гуанжоу-2010”, “Инчеон-2014”, “Жакарта-2018” зэрэг Азийн паралимпын наадмуудаас 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг аваад байна.

“Токио-2020” зуны пара олимпийн наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар (буудлага), Э.Содномпилжээ (Пауэрлифтинг), Г.Болор-Эрдэнэ (таеквондо), Х.Энхтуяа (таеквондо), Ц.Цогтгэрэл (хөнгөн атлетик) нарын таван тамирчин эрх авч, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Leave a Reply