shud

2-12 насныханд үнэгүй үйлчлэх эмнэлэгүүдийн нэрсийг зарлав

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэхээр болсон. Тэгвэл олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд тодорхой болжээ.

Тодруулбал, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон байна. Үүнээс хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199  нь тэнцэж, хөтөлбөрт хамрагдахаар болжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлсөн байна. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх аж.  Одоогоор хэзээнээс эхлээд аль дүүргийн хүүхдүүд аль аль эмнэлэгт үзүүлэх нь тодорхой болоогүй байгаа юм байна.

Leave a Reply