Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Чулуунбатын Хулан дөрөвдүгээр сарын 6-13-ны өдрүүдэд “0222” хэмээх контемпорари урлаг ба уран зураг хосолсон анхны бие даасан үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Уг үзэсгэлэн Бела Виста хотхоны “Q Art Gallery”-д дээрх өдрүүдийн 11-19 цагийн хооронд гарах юм.
Уран бүтээлч Ч.Хулан 2002 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр “Энэхүү бие даасан үзэсгэлэн маань ирээдүйн мэргэжил, мөрөөдлийнхөө чиг хандлагыг тодорхойлох том алхам болно. Мөн оршин буй нийгэмдээ өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, чадах, мэдэх бүхнээ дайчлан улс орноо хөгжүүлэхийн төлөө чармайж буй хэлбэр минь юм” гэжээ.
Ч.Хулан үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдээ худалдан хуримтлуулсан бүх мөнгөөрөө тусламж шаардлагатай хүмүүст хүргэн, сайн үйлсэд зориулах гэнэ.
Үзэсгэлэнгийн нэр болох “0222” гэсэн цифрүүд нь түүний хувьд маш онцгой. Эдгээр тоонууд төрсөн он сарыг нь илтгэхээс гадна, бүх л амьдралынх нь хувьд түүнтэй хамт оршихоор сонгогдсон тэмдэгтүүд хэмээн уран бүтээлч тайлбарлажээ.