Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн.
Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.
Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 11-328922 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс