Намайг ичээх зүйл битгий хийгээрэй дээ, Би чамаас ичээд байх юм…
“Би чамаас ичиж байна”. Энэ үгийг сонсож өссөн хүүхдүүд бол үнэндээ хамгийн өрөвдөлтэй. Хүүхэд алдаа гаргасан байлаа ч энэ үгийг хэлж болохгүй. Яагаад гэвэл алдаа гаргадаггүй хүн гэж энэ хорвоод байхгүй. Харин үүний оронд “ийм юм байдаг л юм. Дараа хичээгээрэй” гэвэл хүүхэд эерэгээр хүлээж авдаг. Харин алдаа хийж болохгүй, эцэг эхээ ичээж болохгүй гэдэг хүлээсэнд орсон хүүхэд баригдмал, чөлөөтэй сэтгэж чаддаггүй, аялдан дагалдагч болдог.
Хэзээ ч лидер болж чадахгүй. Мундаг сайн байлаа ч өөртөө итгэхгүй. Ийм хүүхдүүд дандаа ямар нэгэн зүйлээс зугтаж, зайлсхийж амьдарна, эсвэл сэтгэл зүйн асар их дарамтад ордог. Ийм хүүхдүүд эцэг эх нь насан туршдаа түүнээс ичиж амьдарна гэдэг бодол сэтгэлд нь гүн шингэсэн байдаг тул сайхан ирээдүй төсөөлж чаддаггүй. Хүсэж мөрөөдөж ч чаддаггүй. Насан туршдаа эцэг эхдээ гомдож, туниж явна. Иймд үр хүүхдээ гомдоож, сэтгэлд нь гомдол төрүүлэхийг хүсэхгүй л байгаа бол эдгээр үгсийг бүү хэлээрэй.
Чи ч аавыгаа/ээжийгээ дуурайжээ. Аав/ээж чинь яг ингэдэг байсан…
Хэчнээн уурлаж хэлсэн байлаа ч энэ үг таныг гэрлэлтэд, эхнэр/нөхөртөө сэтгэл дундуур байдгийг илэрхийлнэ. Хэн нэгнээсээ өшөө авахдаа хүүхдээ зэвсэг болгон хэрэглэж, нэгэн рүүгээ дайрч буй зохисгүй үзэгдэл. Бие биетэйгээ нээлттэй ярилцаж ойлголцож чаддаггүй эцэг эх хүүхдэдээ хэлж буй мэтээр дайруулан нэгнийгээ “хүмүүжүүлэх” гэж оролдож буй ичгэвтэр үйлдэл. Энэ нь эцэг эхээ хүндлэх сэтгэлийг үгүй хийж, би ч эцгийгээ/эхийгээ дуурайсан олиггүй хүн гэсэн ангилалд өөрийгөө аваачих эхлэл болно. Жишээ нь, “Чи ч эцгийгээ дуурайсан зөрүүд зантай хүүхэд юмаа” гэж хэлбэл хүүхэд зөрүүд байхаа болъё гэж бодохын оронд “Миний аав зөрүүд муу хүн юм байна. Би аав шигээ хүн болохгүй” гэж боддог байна. Гэсэн ч энэ үг сэтгэлд нь гүн шингэснээр би угаасаа аав шигээ зөрүүд хүн гэх бодол төлөвшиж, зөрүүдэлж эхлэх замыг тавьдаг байна.
Чи хоолоо сайн идэхгүй бол сул дорой, өвчинд ээрэгдсэн амьтан болно доо…
Энэ үг орчин үед огт авцалдахгүй үг болсон. Саяхныг хүртэл бидний өвөө эмээ, ээж аав хүртэл багадаа өлсч цангаж өссөн тухайгаа улиг болтол ярьдаг байсан шүү дээ. Гэтэл одоо бол өөр. Жаахан дээхэн үед бол “хоолоо идэхгүй бол мангас ирнэ шүү, хоолоо идэхгүй хүүхдийг чөтгөр ирээд аваад явчихдаг юм” гэх зэргээр айлгаж, нялх балчир хүүхэд шөнөжингөө чөтгөрөөс зугтаж зүүдлэх нь энүүхэнд байж.
Харин одоо тэр цаг өнгөрсөн гэдгийг эцэг эх сайн ойлгох хэрэгтэй. Ийм үг хэлж буй нь хоол идүүлэх хөшүүрэг бус харин заналхийлэл, айлган сүрдүүлэлт болно. Хүүхэд өлссөн үедээ хүссэн хүсээгүй хоолоо иддэг. Хүсээгүй байхад нь элдэв зүйл идэхийг шаардаж, айлган сүрдүүлэх, шахах замаар хоол хүнс идүүлэх нть төрөл бүрийн өвчний эх үүсвэр, таргалалтын шалтгаан болж байна. Үүнээс ч илүү хортой үр дагавар үүсгэж болно. Хүүхэд аливаа нэг хоолны амтыг мэдэрч таашааж идэх биш, юу ч олдсон бүгдийг иддэг, зогсоо зайгүй иддэг, нэг ёсондоо хогийн сав болох эхлэл болдог. Иймд хүсээгүй байхад хүүхдийг хоол идэхийг шахаж, элдэв үгээр айлгахыг болих хэрэгтэй.
Үгэнд орохгүй бол өөр айлд өргүүлчихнэ шүү, ээж нь үхээд алга болчихно шүү…
Ийм үг сонсож өссөн хүүхдүүд эцэг эхийнхээ үгэнд орж байвал л би эцэг эхдээ үнэлэгдэх юм байна, бусдаар үгүй юм байна гэж ойлгож өсдөг. Ингэж хэлэх нь “чи бидний үгээр л явах ёстой, бидний үгэнд орохгүй бол чи хэн ч биш” гэж хэлсэнтэй агаар нэг. Ийм байдлаар өссөн хүүхдүүд өөртөө итгэлгүй, бусдын үгэнд оромтгой, бие дааж шийдвэр гаргах чадваргүй, өөрөөрөө амьдрах итгэлгүй, хэн нэгний амыг харсан хүн болж өсдөг. Өсч том болсон ч аав ээжийгээ юу гэж хэлэх бол, би ингэчихвэл буруудах болов уу яах бол гэж байнга санаа зовсон, аз жаргалгүй нэгэн болж өсдөг.
Ийм үг хэлдэг эцэг эхчүүдэд зөвхөн өөрсдийнх нь хүүхдээсээ юу хүсч байгаа нь чухал болохоос хүүхэд өөрөө юу хүсч мөрөөдөж байгаа нь чухал биш. Ингэж хүүхдүүдээ “гартаа оруулсан”-аар эцэг эх хүүхдээ шийтгэх, эсвэл магтаж сайшаах эрх нь бидэнд байнаа гэж өөрсдийнхөө хэмжээлшгүй эрх мэдлийг хүүхдэдээ тунхаглан зарладаг. Ийм эцэг эхээ хүүхэд өөрийг халамжлан хайрладаг эцэг эх гэхээсээ илүү захирдаг босс, шийтгэл оногдуулдаг дарга гэж хүлээж авдаг. Иймд буруу зүйл хийж шийтгүүлэхээс айж, байнгын дарамт айдастай өсдөг. Энэ айдас дарамт насан туршдаа дагадаг.
Чамайг харахыг хүсэхгүй байна, сонсохыг хүсэхгүй байна, надаас хол бай…
Энэ үг шууд “чи миний амьдралд гай болсон, би чамайг эхнээсээ хүсээгүй, ерөөсөө чи миний амьдрал байх ёсгүй байсан, чи бол хүсээгүй хүүхэд юм” гэж хүүхдийн тархинд буудаг. Иймд хүүхэд ээж аавынхаа амьдралд ирснээ насан туршдаа өөрийгөө буруутгаж, тэднээс дөлж, эмээж амьдардаг. Мөн аав ээжийнх нь аз жаргалгүй амьдралд тэр өөрөө буруутай мэтээр сэтгэж, гэмшиж амьдардаг.
Хүүхдүүд тань шиг бие хүн болж төлөвшөөгүй байгаа гэдгийг та сайн ойлгох хэрэгтэй. Тэднийг алдаа гаргах бүрт загнахаас илүүтэй юун дээр алдаж байгааг нь анзаарч засах аргыг хичээгээрэй. Мэдээж хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй.
ЗӨВ ҮГ, ЗӨВ БОДЛООС ЭХТЭЙ!