mother-with-children

Үгээр шархлуулж, сэтгэлийн галыг бөхөөж болохгүй !

                      Танихгүй хүнээс сонссон хатуу үгнээс илүү өөрийн итгэдэг, хайртай хүнээс сонссон үг хүний сэтгэлд хүндээр тусдаг. Тийм ч учраас бид үгэндээ анзааралгүй өөртөө сайн хүмүүсээ гомдоосон байх тохиолдол олон. Гэхдээ тэднээс илүү хорвоогийн бүх юмтай анх үзэж байгаа алдрай бяцхан үрс зарим үгсийг хүндэр тусгаж авдаг байна. Иймээс хүүхдийнхээ итгэлийн галыг бөхөөж болзошгүй үгсийг хэлэхээс татгалзаарай. Танд амжилт хүсье.

Чиний насан дээр би ийм байгаагүй…

Эцэг эхчүүд хүүхдээ мундаг хүн болгохын тулд өрсөлдүүлэх, хор шарыг нь малтах зэрэг арга хэрэглэдэг нь нууц биш. “Би чиний насан дээр тун ч мундаг хүүхэд байсан даа. За за, чи намайг хэзээ ч гүйцэхгүй юм байна л даа. Чиний энэ хийснийг би мянга дахин илүү хийдэг байлаа” гэх мэт. Иймэрхүү үг байнга сонсож өссөн хүүхдүүд насан туршдаа эцэг эхдээ амжилттай сайн яваагаа үзүүлэх гэж өөрийгөө зогсоо зайгүй шахаж, өөрөөр хэлбэл завсарлагагүй “зовж” амьдрах болдог. Ийм байдлаар өсгөхөд мэдээж зарим хүүхдийг ажилтанд хүрэхэд нь нөлөөлж болох ч энэ нь өөрсдийнхөө ирээдүйн төлөө хийж буй үйлдэл биш, зөвхөн эцэг эхийгээ баярлуулах, тэдний сэтгэлд нийцүүлэхийн төлөө л хийж буй үйлдэл болон хувирдаг. Ийм хүүхдүүд өсөж том болохдоо өөрсдийн хүрсэн ажилтандаа сэтгэл хангалуун байж чаддаггүй бөгөөд түүний хүрсэн амжилт өөрийнх нь биш эцэг эхийнх нь хүсэл байсан гэдгийг ойлгох тусмаа гутардаг.

Миний бяцхан зулзага, бяцхан тоорой, жижигхэн ангаахай, улаанаа, бондгор, бандаалай…

Энэ үгнүүдээр хүүхдээ багаас нь дуудсаар дасал болсон байдаг. Тэгвэл сургуульд орсны дараа энэ үгийг хаана, хэзээ хэрэглэх вэ гэдэг талаар бодоорой. Хүүхдүүдийн өмнө, найзуудынх нь дэргэд дуудах нь зарим үед хэцүү байдлыг хүүхдэд бий болгодог. Эцэг эхээс гарсан энэ үг энхрийлж хайрлаж буй мэт боловч сургууль дээр нь хүүхдүүд түүнийг ингэж дуудвал доромжлол мэт ойлгогдох болно. Хүүхдийн сэтгэл зүй төлөвшиж чадаагүй байдаг учир энэ байдлыг заримдаа маш хүндээр тусгаж авч магадгүй юм.

huuhed

 Тэдний хүүхэд шалгалтан дээр чамаас дээр оноо авсан байна шүү дээ…

Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулж, “хурцлах” гэдэг аргыг олон эцэг эхчүүд хэрэглэдэг. Энэ нь хүүхдэд урам зориг өгөхгүй харин ч урмыг нь хугалдаг. Яагаад гэвэл танай хүүхэд шалгалтаа сайн өгөх гэж чадлаараа мэрийсэн. Үүнийг нь та хүлээн зөвшөөрсөнгүй, авсан оноо нь таалагдсангүй, харин ангийнх нь хүүхдийн оноо таалагдаж байна.

“Та хоёр адилхан л нэг ангид сурдаг. Гэтэл танай ширээний хүүхэд онц сурч байхад чи яагаад адилхан сурч болдоггүй билээ?” Хүүхэд чадлаараа хичээсэн ч эцэн эхдээ таалагдсангүй, сэтгэлд нь нийцтэй сурч чадсангүй. Энэ гомдлоо тэр харин тээгээд л хүүхэд насаа орхино. Өөртэй нь харьцуулж байсан тэр онц сурлагатан, эсвэл томоотой хүүг насан туршдаа үзэн ядна. Яагаад гэвэл өөрөөс нь илүү тэд л эцэг эхийнх нь хайрыг татаж байсан мэт сэтгэгдэл насан туршид нь гомдол болон үлддэг. Зөвхөн ангийн хүүхэд найз гэлтгүй, ямар ч хүүхэд ах эгч, дүү нартайгаа ч өөрийг нь харьцуулахад дургүй байдаг. Учир нь хүн бүрийн чадамж өөр өөр шүү дээ. Ингэж өссөн хүүхэд яг ийм байдлаар үр хүүхдэдээ ханддаг. Танд сайхан байна гэж үү. Үүнийг эрүүл хандлага гэж огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй.

Чамайг ингээд байвал би чамд хайргүй болно шүү…

Үүнтэй адил бас нэг үг нь “чамайг ийм байвал ээж нь дандаа хайртай байна шүү”. Энэ бол маш аюултай үг. Хүүхдийг бүх зүйлийг зөв, аав ээжийн таалалд нийцүүлэн хийхийг тулган шаардаж буй арга. Хүүхдийн өөрийнхөөрөө ямар нэг зүйлийг хийж үзэх, алдах эрхийг боомилж байгаа зүйл. Ийм тохиолдолд зөвхөн эцэг эхийн хэлсэн зөвшөөрснийг л үг дуугүй дагах болно. Ингэж хүмүүжсэн хүүхэд маш аймхай болдог. Алдаа гаргахаас айна, буруу зүйл хийхээс айна. Хүний заавраар л аливаа зүйлийг хийнэ үү гэхээс өөрийн толгойгоор бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй. Ингэж өссөн хүүхдэд хүүхэд нас байхгүйтэй адил. Яагаад гэвэл хүүхдэд энэ ертөнц тэр чигээрээ шинэ учраас өөрөө өөртөө шинэ зүйлс нээх бололцоог эцэг эх нь хаасан. Иймд ийм төрлийн хүүхэд хэзээ ч шийдвэр гаргагч төвшний хүн болохгүй, дандаа хоёрдугаар эгнээний хүн болон өсдөг буюу бусдын зааж, зөвлөснийг л хийдэг хүн болон төлөвшдөг.

 

ЗӨВ ҮГ, ЗӨВ БОДЛООС ЭХТЭЙ!

 

Маргаашийн дугаараас үргэлжлэл мэдээллийг хүлээн аваарай…

Leave a Reply