Эцэг эхчүүдийн сэтгэл санаа хүүхэдтэйгээ харилцах байдал болон хүүхдийн зан үйлд чухал нөлөөтэй. Та ядарсан, санаа сэтгэлээр унасан, түгшсэн, уурлаж уцаарласан үедээ хүүхдэдээ илүүтэй уурладаг уу? Зарим эцэг эх өөрийн уур уцаарыг хүүхдэдээ гаргах нь бий.
Эцэг эхийнх нь сэтгэл санааны байдал тогтворгүй байхад хүүхэд өөрийгөө аюулгүй орчинд байна гэдэгт итгэлтэй байж чаддаггүй. Мөн сэтгэл санаа нь ч түгшүүртэй байдаг.
Эцэг эх нь огт хамаагүй юманд уурласан уур уцаараа хүүхдэдээ гаргавал хүүхэд шударга бус гэж бодон гомдох болно. Ямар нэг буруу үйлдлийнх нь төлөө тухайн үед юу ч хэлээгүй байж маргааш нь ч юм уу уурлаж зэмлэхэд хүүхдүүд ихэд гайхаж, толгой нь эргэдэг.
Аав ээж нь байнга уурлаж, муухай аашилдаг бол хүүхэд үргэлж айсан, түгшсэн байдалд байдаг. Эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдал хүүхдийн зан байдал ч шууд нөлөөлдөг. Иймд хүүхдэд муухай зан гаргахгүй байхыг ямагт хичээх ёстой.
Амьдралд тохиолдох олон янзын саад бэрхшээлийг даван туулахын тулд эцэг эхчүүд өөрсдөө ч чанартай тэжээллэг хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй.
Хэрэв та байнга уурлаж цухалдаж, гутрал гунигт автаж, санаа сэтгэлийн хямралд орж байгаагаа мэдвэл эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эсвэл тус болж чадахаар найз нөхөр, гэр бүлийнхээ хэн нэгэнд аль болох даруйхан хандаж туслалцаа зөвлөгөө хүсэх шаардлагатай.