shud-ugaah-zowlomj

Шүдээ угаахдаа зайлшгүй анхаарах зөвлөмж…

Амны хөндийн ариун цэвэр бидний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг. Хүмүүс шүдээ угаахдаа ямар түгээмэл алдаанууд гаргадаг, шүдийг хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг хүргэж байна.

ХАНГАЛТТАЙ ДАВТАМЖТАЙ УГААДАГГҮЙ
Өдөрт дор хаяж хоёр удаа тус бүр нь гурван минутын хугацааг шүдээ угаахад зарцуулах хэрэгтэй. Өөрийгөө огтхон ч хуурч болохгүй. Үнэндээ ам зайлагч тогтмол ашиглах, эсвэл хоол идсэнийхээ дараа шүдээ зөв угаагаад дадвал таны амны хөндий байнга аюулгүй байна гэж эмч нар онцолдог.

ХЭТ ХҮЧТЭЙ ДАРЖ УГААДАГ
Олон хүн шүдээ сайн угаахын тулд хэвийн даралтаас илүү хүчтэй дарж угаадгаа анзаардаггүй. Үнэндээ хэт дарж угаах нь буйл болон шүдний пааланд асар их аюулыг авчирдаг байна.

БУРУУ АРГА БАРИЛААР УГААДАГ
Олон улсад цэцэрлэгийн наснаас нь эхлэн шүд зөв угаах арга барилыг маш тодорхой, ойлгомжтой зааж, хүүхдүүдэд дадал болгодог байна. Харин манай орны хувьд энэ хичээл хараахан бүх хүүхдийг хамарч чадахгүй байна. Тэгэхээр энэ үүрэг эцэг, эхийн “толгой”-н дээр буух нь дамжиггүй. Та хүүхдийнхээ шүдийг угаалгаж сургахын тулд дараах зөвлөмжийг дагаарай.

  • Дээрээс доош – Шүдний сойзоо 45 градусын налуу барьж дээрээс доош чиглэлд шүдээ угаана. Баруунаас зүүн тийш үрж угаах нь шүдний өнгөрийг гүйцэд арилгаж чаддаггүй.
  • 3 минутыг зарцуул – Урьдын адил сойзоо 45 градусын налуу барьж тойрог хэлбэрээр шүдээ угаана. Шүд бүрийг ингэж угаах хэрэгтэй бөгөөд нэг шүдэнд 12-15 секунд зарцуулна гэж үзвэл ойролцоогоор 2-3 минутыг зарцуулах болно. Зүүн дээд, баруун дээд, зүүн доод , баруун доод гэсэн дарааллаар угаахыг зөвлөж байна.
  • Араагаа угаах – Сойзоо уруултайгаа перпендикуляраар барьж араагаа маш сайн угаах хэрэгтэй.
  • Хэлээ угаах – Хэл хамгийн мэдрэг бөгөөд амны эвгүй үнэр гаргагч бактери, хүнсний бөөмийг арилгах хэрэгтэй. Тиймээс шүдээ угаахдаа хэлээ ч мөн адил угааж байх нь чухал юм.

ШҮДНИЙ СОЙЗОО УДААН ХУГАЦААНД СОЛЬДОГГҮЙ
Хэт удаан хэрэглэсэн шүдний сойзоор шүдээ угаах нь угаахгүйгээс ч илүү аюултай болохыг та мэдэх үү. Удаан хугацаанд хэрэглэсэн шүдний сойз нь бидний биед аюултай нян, бактерийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, түгээх талбар болдог байна. Үүнээс гадна сойзны үсний хэлбэр алдагдаж шүдний бохирдлыг цэвэрлэх чадваргүй болдог аж. Шүдний мэргэжлийн эмч нар шүдний сойзыг гурван сар тутам тогтмол сольж байх шаардлагатай гэж зөвлөдөг.

ХЭТЭРХИЙ ИХ УСААР АМАА ЗАЙЛДАГ
Шүдээ угаасны дараа амаа 2-3 удаа усаар зайлах хандлага маш их байдаг. Ингэснээр шүдний оо-нд агуулагддаг шүдэнд сайнаар нөлөөлөх бодисуудыг бүгдийг нь зайлаад гаргадаг. Тиймээс шүдээ угаасны дараа амаа ганцхан балга усаар зайлах нь зөв юм.

АРААГ УГААДАГГҮЙ
Шүдний сойзоо буруу сонгосноос болж, зөв арга барилаар угаадаггүйгээс болж бид араагаа угаалгүй үлдээх нь бий. Тийм учраас Монголчуудын дунд араа нь хорхойтох өвчин их байдаг байна.

ШҮДНИЙ УТАС ХЭРЭГЛЭДЭГГҮЙ
Шүдний утас нь шүдний сойз хэзээ ч хүрэхгүй газруудад хүрч шүдийг цэвэрлэдэг учраас заавал хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна шүдний чулуулаг гэх аюулаас биднийг урьдчилан сэргийлдэг. Шүдний утсыг сонгохдоо анхааралтай хандаж, сайн утас сонгон хэрэглээрэй.

Leave a Reply