70918aa48eba67578b4487dbe805180e

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга – сахилгажуулах

Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачлал” номуудаас түүвэрлэв.
Хувьчлан ханд: Хүүхдийг олны өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Асуудал гаргавал бусдаас холдоод ярилц.

Хүүхдийн харааны түвшинд зэрэгцэн очиж ярь: Хүүхэдтэй ярихдаа дээрээс нь биш, харин доош сууж түүний нүдний түвшинд очоод, нүд рүү нь харж зөөлнөөр ярь.
Шивнэ: Хашгирах, орилох, чанга ярихын оронд хүүхдэдээ шивнэн ярьж ойлгуул. Ингэвэл тэр дороо анхаарлаа хандуулж, танд байдлыг хянаж, ойлгон, бодох боломж олгоно.
Тэдэнд ярьж өгөх биш, тэдэнтэй ярилц: Хүүхдэдээ номлох биш, харилцан ярилц. Ярихаас гадна бас сонс.

Өөрөө зохистой зан авир үлгэрлэн харуул: Хүүхдүүд томчуудын зав авирыг харж сурдаг учраас тэдний заах гэж оролдож буй хичээлийг батжуулж өгнө.

Завсарлага ав: Хүүхдэд “Завсарлага авъя. Яавал байдал илүү сайжирч болох, яавал илүү үр дүнтэй болох талаар бодоорой” гэж хэл

Эерэг төгсгөл: Өдрийн сүүлд хүүхдэдээ онцгой хүүхэд, бас хайртай шүү гэдийг хэлж бай. Түүнд тухайн өдөр ямар сайн зүйл болсон, бас маргааш ямар сайн зүйл байж болох талаар бодоход нь тусал.

Хүч хэрэглэж шийтгэх ёсгүй: Ийм зүйл хэрэглэхийг өөрсдөдөө хатуу хориглож, ярилцах гэх мэт хүчирхийллийн бус аргыг хэрэглэ.

Сонголт  өгөх: Хүүхдэд тохирох үед нь сонголт хийх боломж өг. Мөн сонголтынх нь үр дагавар ямар байж болох талаар дүгнэлт хийж сурахад нь тусал
Эерэг урамшуулал: Байнгын онцгойлсон магтаал нь сахилга батын чухал арга юм. Байнга эерэг анхаарал тавьсан “Онцгой цаг” гарга (бүх насны хүүхдэд эерэг харилцааны цаг гаргах нь маш чухал байдаг). Хариуцлагатай, анхаарал татахаар, зохимжтой зан авир бүрийг анхаарах, талархах, магтах, сайшаах, баяр хүргэх, тэврэх, шагнах зэргийг байнга хийх хэрэгтэй. Бүх хүүхэд магтаалд дуртай учраас энэ нь тэдэнд эерэг зан авирыг сурч хэрэгжүүлэхэд түлхэц болдог. Хүүхдийг анхааралтай сонсож, тэдэнд мэдрэмжээ үгээр зөв илэрхийлж сурахад нь туслах хэрэгтэй. Ялихгүй жижиг алдааг тоох хэрэггүй.
Тэдний тухай бусдад эергээр ярь: Ханьдаа “Чи өнөөдөр охин маань дэлгүүрт байхыг нь харсан бол. Тэр худалдагчтай маш сайхан ярьж байсан шүү” гэвэл хүүхдэд чинь гарцаагүй таашаагдана.

Үлгэрлэ: Хүүхдэдээ суулгахыг хүссэн байгаа зан авираа үлгэрлэн харуул (жишээ нь, хүндэтгэлтэй харилцах, маргааныг хамтын хүчээр шийдэх г.м). Ямар зан харилцаатай байх хэрэгтэйг хүүхдэдээ үлгэрлэн харуул. Хүүхэд томчуудын зан авираас сурдаг. Энэ нь томчуудын заах гээд байгаа хичээлийг нь бататгаж өгдөг.

Залруул: Зохистой зан авираар хүүхдээ замчил. Энэ нь жижиг хүүхдэд үр дүнтэй байдаг. 3 настай хүүхэд чинь халбагаараа ширээгээ балбаад байвал хүүхдээ хоол иртэл ямар нэг тоглоомоор сатааруулах хэрэгтэй.
Юу хүсэж байгаагаа тодорхой байлга: Том хүүхэдтэйгээ ямар зан чанар хүсэж байгаа, энэ нь ямар ач холбогдолтой тухай ярилц. Мөн түүнийг байнга анхаарч байх хэрэгтэй. Юу болж байгааг байнга харж, сонсож бай. Хүүхэд хяналтаас гарах хүртэл бүү хүлээ. Шаардлагатай бол хүүхдээ тухайн нөхцөл байдлаас нь гарахад тусал. Тайван байж, бүү сэтгэлийн хөдөлгөөндөө авт. Хүүхэддээ ямар сонголт хийж болох тухай ойлгуул. Тууштай бай, гэхдээ бүдүүлэг байж болохгүй.
Үгийн оронд үйлдэл хий: Юу ч бүү хэл. Хэрвээ хүүхэд унтахгүй өрөөнөөсөө гараад байвал хэдэн ч удаа хамаагүй буцааж оронд нь тавиад л бай. Бухимдахгүй, ярихгүй, загнахгүй, занахгүй, тайлбарлахгүй. Тайван бай. Үүгээр хүүхэд тань харанхуй болоход унтах хэрэгтэй, та үүнийг заавал хийлгэх юм байна гэж ойлгож авна.

Leave a Reply