large

Хүүхдийг бэлгийн амьдрал сонирхоход нээлттай ханд

Манай улс өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр орнуудын тоонд ордог. 15-19 насны 1,000 охид тутмын 40 нь төрдөг бөгөөд тэдний 14.1 хувь нь үр хөндүүлдэг гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан удаатай. Үүнээс өсвөр үеийнхний бэлгийн боловсролын мэдээлэл хангалтгүй байгааг харж болно.

Хүүхэд 4-5 насандаа хүйсийн ялгаагаа мэдэж охид аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн ханддаг болдог. Мөн энэ үед эсрэг хүйстнээ илүү мэдэрдэг болдог. Тэднийгээ илэх, үнсэх, чихэр өгөх сонирхолтой болно. Энэ үеэс нь бэлгийн боловсролын асуудал, сэдвийг зугуухнаар ярилцаж, энэ талын мэдээ мэдээллийг хүүхдийнхээ чихэнд дасгаж байх нь зөв юм.

Түүнчлэн эсрэг хүйстнээ сонирхож буйг нь хэт өхөөрдөн эрслүүлж, хэт хориглон эсэргүүцэж болохгүй. Харин хацар дээр нь үнсэж, гараас нь хөтөлж, тэвэрч, хамтдаа тоглож хайрлаж болно гэдгийг нь тайлбарлах нь чухал.

4-5 насныхан “Би хаанаас гарсан бэ” гэж их асуудаг болдог. Ийм асуулт асуусны төлөө уурлах шаардлага байхгүй.  “Аав, ээжийнхээ хайран дундаас гарсан” гэх мэтээр бодит байдал руу дөхүүлж хариулах хэрэгтэй.

5-7 насанд эсрэг хүйстнээсээ ичих, нэрэлхэх, хажууд нь бардамнах шинжүүд илэрнэ.  Хувцсаа солихдоо нуугдаж, биеийн хэсгээ халхалдаг болдог. Иймээс зургаан наснаас нь эхлэн хувцсаа тусдаа өрөөнд орж солих боломжийг олгож өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн биеийн анатомийн бүтцийг номоор дамжуулан ярилцвал илүү үр дүнтэй.

Мөн аав нь хүүгээ, ээж нь охиноо дагуулан халуун ус, саунд орж хэвшээрэй. Энэ нь хүүхдийн өсвөр насанд хөвгүүдтэйгээ нойтон зүүд, БЗХӨ-ний талаар охидтойгоо сарын тэмдэг, жирэмслэлтийн талаар нууж хаалгүй ярилцдаг болоход тань бие халаалт болох юм.

12-13 насныхан маань том болоод насанд хүрсэн хойно л жирэмсэн болдог гэсэн ойлголттой, үүн дээр ч маш их алддаг. Нөгөө талаас ээжүүд охиддоо аавтай нь анх бэлгийн харилцаанд хэрхэн орж байсныг эелдгээр нуулгүй ярьж, ямар нандин зүйл вэ гэдгийг хэлэх ёстой. “Өдий хүртэл бид хоёр бие биеэ хайрлаж байна” гэх зэргээр. Өөрөөр хэлбэл, бэлгийн харилцаа нь хайр байж хийдэг зүйл гэдгийг өөрсдийн түүхээр дамжуулж хэлэх хэрэгтэй. Бэлгийн боловсрол гэдэг маань энэ мэт энгийн зүйл шүү дээ.

 

 

Leave a Reply