Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэргийн хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн дүнгийн талаар хэлэлцэв. Улсын үзлэгийг 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 1307 байгууллага хамрагдсан байна. Улсын үзлэгийн зохион байгуулалтад 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч оролцжээ.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлэхдээ “Улсын үзлэгийн удирдамж, чиглэл, дүгнэх үзүүлэлт, аргачлалын хүрээнд үзлэгт хамрагдах байгууллагуудын удирдах ажилтан, архив, бичиг хэргийн ажилтнуудад нийт 24 удаагийн сургалт зохион байгуулж, 1350 байгууллагын 2583 ажилтныг хамруулж мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангалаа.
~Төрийн байгууллагууд Улсын үзлэгээр 90,4 хувьтай дүгнэгджээ~
Нийслэлийн Салбар комиссын хурлыг гурван удаа зохион байгуулж нийслэл, дүүрэг, эрүүл мэнд, боловсролын салбар комиссуудад нэгдсэн чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан” гэв.
Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэгт Нийслэлийн салбар комиссоос шалгагдсан 1259 байгууллага, Төв комиссоос шалгагдсан 48 байгууллага гээд нийт 1307 байгууллага 90,4 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн байна. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд Хууль зүйн сайдын баталсан дөрвөн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгагдсан найман байгууллагыг шалгаруулсан байна. Харин улсын үзлэгээр хангалтгүй дүн авсан байгууллагуудад хариуцлага тооцжээ. Үзлэгийн чанар өмнөх 2015 оны Улсын үзлэгийн дүнгээс 4 хувиар өсчээ.