Хувь хүн гэдэг нь сэтгэл зүйн хувьд давтагдашгүй шинж чанар агуулсан, зан ааш, авир араншин, мэдлэг, чадвар, ёс суртахуун, зүс царай зэрэг хувийн шинж чанараар бие биенээсээ ялгагддаг. Хувь хүнтэй ажиллахдаа тухайн хувь хүний сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Хүн бүхэн адилхан зан ааштай байдаггүй. Тухайлбал: зарим хүүхэд нь удаан, түргэн шаралхуу, эмзэг байхад зарим нь хөгжилтэй сэргэлэн, тайван дөлгөөн байх жишээтэй. Үүнийг төрөлхийн араншинтай нь холбож үзэх нь чухал.
ЗАН АРАНШИНГИЙН ХЭВ ШИНЖИЙГ ТОДРУУЛЖ ҮЗВЭЛ
“Сэргэлэн цовоо” зантай хүүхэд нь:
- Мэдрэлийн системийн хүчтэй хэв шинж
- Сонирхсон зүйлдээ идэвхтэй
- Сэтгэлийн хөдөлгөөн нь гаднаа ил тод илэрдэг
- Бусадтай холбоо харилцаа хурдан тогтоодог
- Шинэ орчинд амархан дасдаг
- Зовлон бэрхшээлийг төдий л гүн биш тусгаж авах магадлалтай гэх мэт эерэг талуудтай.
Нөгөө талаасаа:
- Нэгэн хэвийн уйтгартай зүйлээс амархан уйддаг
- Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих магадлалтай
- Ямар нэгэн зүйлд анхааралгүй хөнгөн хандах талтай
- Сэтгэлийн хөдөлгөөн нь хүчтэй илэрдэг учраас анхаарал сарних, сэтгэл санаа тогтворгүй гэгэлзэх өөрчлөлтүүд гарах шинжтэй гэх мэт сөрөг талуудтай.
Эцэг эхчүүд энэ хэв шинжийн араншин зонхилсон хүүхэдтэйгээ харилцахдаа сонирхолтой, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлэхэд анхаарах ба асуудалд нухацтай хандах, эхэлснээ дуусгах, амласнаа биелүүлэх чадваруудыг сайжруулахад илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй.