853dc4960f4c3f6446c98fdf04bacd54

Сургуульд сурах гэж буй багачуудад хэвшүүлэх ЗӨВЛӨМЖ

Зарим ээж аавууд хүүхдээ эртнээс бэлтгэж байна гээд сургуульд ороогүй хүүхдийг үсэг цээжлүүлж, тоо бодуулж сургах гэж хичээдэг. Энэ нэг талаараа сайн хэдий ч нөгөө талаараа хүүхдэд сөрөг нөлөөтэй байдаг. Сургуулийн босго ч алхаагүй хүүхдээ хичээлээр шахах нь тийм ч тохиромжтой биш гэнэ. Харин хичээлийг багш нарт үлдээгээд хэрхэн сурах вэ гэдэг дадлыг хүүхдэдээ суулгах нь үсэг, тоо цээжилхээс илүү аж.

Эцэг эх, асран хамгаалагчид болон багачуудад маш чухал цаг үе ирж байгаа учраас үүнд эртнээс бэлтгэх хэрэгтэйг багш, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Өөрийгөө бие даан авч явах аргад суралцуул


Сургуулийн сурагч болмогц цүнх, дэвтэр номдоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөх, тайлах, бие засах зэрэг бүх зүйлээ хүүхэд өөрөө хийх болно. Тиймээс та эхлээд хүүхдээ бие даан явахад ямар хүндрэл гарах билээ гэдгийг эргэцүүлэн хянаж, шаардлагатай зүйл дээр нь туслаарай. Жишээ нь, хүүхэд тань гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадах уу гэх мэт.

Тэвчээртэй байдалд сургах

Хичээл дээр багш нэрийг нь дуудтал, эсвэл хонх дуугарах хүртэл хүүхэд хүлээх хэрэгтэй болно. Иймд хүүхэд аливаа зүйлийг хүлээж сурахаас эхэлнэ. Мөн сурагч хүнд хийж буй зүйлээ дуусгах тэсвэр, тэвчээр шаардагдана. Үүний тулд эхлээд богино хугацаанд гүйцэтгэх дасгал даалгавар хийлгээрэй. Сонирхолгүй, дургүй зүйлийг нь хийлгэх гэж албадсаны хэрэггүй. Өнгийн харандаа, усан будаг, цаас хайч, баримлын шавар зэргийг байнга ойрхон байлгавал хүүхэд уйдахгүйгээр дуртай зүйлээ хийнэ.

Хичээлд идэвхитэй оролцоход сургах

Сургуулийн анги, танхимд зарим үед хүүхэд өөрийнхөө зоргоор байх боломжгүй, зөвхөн ангид явагдаж байгаа хичээлд оролцох, багшийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үүрэгтэй болно.  Энэхүү үүрэгт дасгахын тулд гэртээ хувцсаа эмх цэгцтэй тавих зэрэг жижиг гэлтгүй ямар нэгэн даалгаврыг тогтмол хийж биелүүлдэг бол хүүхдэд суралцах хариуцлагаа ойлгоход тус дөхөм болно.

Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад сургах

Хэл ярианы хөгжил сайтай хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нөхцөл байдалд хурдан үнэлэлт дүгнэлт өгдөг. Насанд хүрэгчид шиг аливаа зүйлд ултай ханддаг бол харин үг дуу цөөтэй зарим нь бусдын царай хардаг, аливаа зүйлд амархан шантардаг, нийтэч биш байх тал ажиглагддаг. Хүүхэд анги болон гэртээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгоход эцэг эх, асран хамгаалагч анхаарч эртнээс бэлтгэнэ.

Хүүхдийг багаас нь тухайн зүйлийн юу нь таалагдаж, юу нь таалагдахгүй байгаа, юу нь сайхан, юу нь муухай байгаа гэх мэтээр сэтгэгдлийг нь асууж ярилцаж, дасгах хэрэгтэй. 5-6 настай хүүхэд ярих маш их дуртай, голдуу өөрөө санаачилж ярьдаг. Ийм учраас болсон үйл явдлын тухай хүүхэдтэйгээ ярьж түүнийг дэмжиж яриулна.

Ой тогтоолтыг сайжруулах

Сургуульд ороод хүүхэд тань олон үсэг нүдэлж, тоо тогтоох хэрэгтэй болно. Номоор дамжуулан та хүүхдийнхээ ой тогтоолтыг сайжруулах ажиглуулах, харьцуулах, ангилуулах, тоолуулах үйлдлийг тогтмол хийлгээрэй.

Leave a Reply