~МОНГОЛ НААДГАЙ: Алаг мэлхий өрөх~
Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм.
Монголчууд шагааг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт мөнгөн шагаа гэх мэтээр оньсого таавар үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм.
Монголчууд мал аж ахуй эрхлэх болсоор түүний зарим яс, шагааг хүндэтгэх, оршуулгын ёслолд оролцуулан хэрэглэх болсон олдвор манай орны нутаг дэвсгэрээс нэлээд олдсон байна. Тухайлбал Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасан тал дахь Хүннүгийн язгууртны нэгдүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас олдсон богийн шагаан дээр төрөл бүрийн тамга, дүрс зураас гаргажээ.
Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутаг Баянзүрх уулын энгэр дэх хоёрдох дөрвөлжин булшнаас богийн 22 шагаа олдсоны 12-ыг морь байдлаар босгож өрсөн байсан зэрэг археологийн маш олон олдворууд малын зарим яс, ялангуяа шагааг хүндэтгэн оршуулгын ёслолд хэрэглэх, тоглоом наадгайд ашиглах болсон нь маш эрт үеэс улбаатай болохыг баталж байна.