irgediin-bolowsrol

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлнэ

Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ.

Нөлөөллийн аяны нээлт өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болов. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар болон бусад хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлчүүд бид гэр бүл албан байгууллагын хүрээнд аялахдаа тодорхой төлөвлөлттэй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх шинэлэг мэдээллийг авч, өөрсдийн аюулгүй байдал болон эрүүл ахуй үйлчилгээний стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авах нь чухал байгаа юм. Тиймээс нийслэлийн аялал жуулчлалын газар энэ салбарт ажилладаг байгууллагын чанар стандартыг хангах, тогтвортой хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэлж байна” хэмээв.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, бодлогоор дэмжиж ажиллах, нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх

 Аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залуус иргэдийн боловсролыг дээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх, танин мэдэх соён гэгээрлийн нөлөөлөлд хамруулах,

 Жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох

  Төр хувийн хэвшлийн түншлэлээр шинэчилсэн бодлогыг боловсруулах, хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг бий болгох

 Нийслэлийн иргэд, хүүхэд залууст түүхэн өв уламжлал, биет болон биет бус өвийн талаарх ойлголтыг өгөх, салбарт ажиллан буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлаар санал хэлэлцэх, түүхч эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээл туурвилын талаарх мэдээллийг хүргэх, эцсийн бүлэгт хоггүй эрсдэлгүй ээлтэй аяллыг уриалах нөлөөллийн ач холбогдолтой юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply