УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт (2019.11.14) иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулан өгсөн юм.
Иргэний нийгмийн 50 гаруй залуучуудын байгууллага эвлэлдэн нэгдэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжиж, өнгөрөгч 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяныг өрнүүлсэн байна.
Уг аяны хүрээнд олон нийтэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг өгч, ялангуяа залуучуудын дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг нь хандуулах чиглэлд түлхүү ажилласан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд хандан өөрсдийн байр суурийг илэрхийлсэн албан бичгүүдийг хүргүүлэх, олон талт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах, “Сургаар биш сурвалжаар” сэдэвт подкастыг явуулах, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, бусад саналуудын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тандах зорилготой цахим асуулгыг явуулах, залуу хуульч, улс төр судлаачид нэгдэн хараат бус шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зохицуулалтыг дэмжиж жагсаал зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд шаардлага бичгүүдээ өгч байжээ.
Цахим мэдээллийн орчныг эерэг хандлагаар “Нэр, нүүртэй цахим нийгэм”-ийг бий болгохыг зорьж, иргэдийн саналыг авахдаа технологийн шинэлэг шийдлийг ашиглаж, регистрийн дугаар, овог, нэртэй нь бүртгэж авчээ. Энэ цахим аяны санал асуулгад 293 хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна. Иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.