Хүүхдэдээ тохирсон зөв ээмгийг сонгож өгөх нь маш чухал. Ээмэг нь хурц өнцөггүй байх ёстой ба хавтгай, жижигхэн, дугуй хэлбэртэй мөнгөн эсвэл алтан ээмэг байх нь аюул багатай гэж шинжээчид зөвлөдөг байна. Учир нь хувцас, ороолт, малгай зэрэгт гогдоод байхааргүй загвар сонгох нь шинээр цоолуулсан чихний шарх хурдан эдгэрэхэд дөхөм гэж үздэг.
Чихийг цоолуулхад хэрхэн бэлдэх вэ?
Эхлээд та хүүхдийнхээ биеийн байдлыг ажиж элдэв зовиур, эсвэл дархлаа нь сул байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ ямар ч асуудалгүй гэж үзвэл хүүхдийнхээ наснаас хамаарч чих цоолуулах өдрөө өмсөх хувцсаа бэлд. Тайлахад толгой нь бариу биш чөлөөтэй, тухтай байх хувцсыг нь өмсүүл. Чихээ цоолуулсныхаа дараа хоёул амттай юм иднэ, гоё ээмэг авч зүүнэ гэх зэргээр амлалт өгч хүүхдээ тайвшруулж ч болох юм.
Чихийг хэрхэн цоолдог бол?
Чихийг зүүгээр, мөн харандааны балаар цоолдог үе байсан. Гэвч орчин үед чих цоолдог бууг ихэвчлэн ашиглах болсон. Та аль ч аргыг сонгож хүүхдийнхээ чихийг цоолуулж болно. Гэсэн ч хамгийн чухал зүйл нь чих цоолоход ашиглагдах багаж хэрэгслүүд ариун цэврийн шаардлага хангасан, дээд зэргээр ариутгасан байх ёстойг мартаж болохгүй. Өвдөлтгүйгээр чихээ цоолуулах арга байхгүй гэдгийг хүүхдэдээ ойлгуулж, удахгүй эдгэнэ гэдгийг сануулах нь зүйтэй.
Чихээ цоолуулсны дараа яах вэ?
Хүүхдийнхээ чихийг хоёр хоногт нэг удаа ариутгагч шингэн, спирт ашиглан ээмгийг нь авалгүйгээр чихний омгийг нь ар өвөргүй зөөлөн арчиж цэвэрлэ.
Чихээ цоолуулсных нь дараа дор хаяж нэг сар ээмгийг нь сольж, эсвэл тайлж авахгүй байхыг хичээ.
Хэрвээ чихээ цоолуулсны дараа хүүхэд чинь халуурч, чих нь хавдаж, идээ бээр гарвал түргэхэн эмнэлгийн байгууллагад хандаж зохих арга хэмжээ авуулах шаардлагатай.