Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах хялбархан хоолнуудаас сонгон хийж үзээрэй. Тарагтай шаржигнуур тахиа хийх амтат жороос хүргэж байна.
• 2 аяга тараг
• 2 хумс сармис (сайтар жижиглэсэн)
• 20 гр яншуй (жижиглэж хэрчсэн)
• 1 ширхэг нимбэг
• 8 ширхэг тахианы мөч (чанасан)
• Давс
• Талхны үйрмэг
• Цөцгийн тос
Таргаа нэг томовтор саванд хийгээд дээр нь сайтар жижиглэсэн сармисаа хийн хутгана. Дээр нь жижиглэж хэрчсэн яншуйгаа хийж хутгаад, нимбэгнийхээ шүүсийг нэмэн халбагаар сайтар холиорой. Ингээд соус маань бэлэн боллоо. Хайруулын тавган дээрээ цөцгийн тосоо хайлах зуур цэвэрлэсэн тахианы мөчнүүдээ соусандаа дүрж бүрээд, талхны үйрмэгтээ өнхрүүлэн бэлтгээрэй. Цөцгийн тос хайлсны дараа тахиагаа шаргалтаж болтол нь шарж олгоно.