~Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт боллоо~
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлуулсан бөгөөд тус хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулсан юм.
Аливаа нэгэн хорт зуршлаас татгалзахад уриалж буй тус тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар оролцож, нийт 300-аад залуучууд үзэж, сонирхсон бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Шинээр байгуулагдаж буй залуу хамтлагуудыг олон нийтэд таниулж, уран бүтээлийг дэмжих нь чухал байдаг. Иймээс залуучуудын амралт чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх зорилгоор “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай тоглолтыг “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран, “Гэрэлтүүл” аяны хүрээнд алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа. Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэж хэллээ.
Тус тоглолтыг үзсэн М.Мөнх-Оюун “Миний сонирхдог “Break the cycle”, хамтлаг ирсэн байна. Өнөөдрийн тоглолт их таалагдлаа. Цаашид энэ урсгалын тоглолтуудыг үргэлжлээсэй гэж хүсэж байна.” гэж хэлсэн юм.
Мөн тоглолтод оролцож буй “The Show” хамтлагийн дуучин Д.Батням “Гэрэлтүүл аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж байгаа тоглолт их зөв үйл ажиллагаа боллоо гэж бодож байна. Мөн өнөөдрийн тоглолтод манай хамтлаг нэгдсэндээ баяртай байна” гэж хэллээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.