Нүүдэлчин ардын уламжлалт тоглоом, наадгай нь зан заншил, үүх түүх, ахуй соёлтой салшгүй холбоотой бөгөөд бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ.
Хүүхдүүд багаасаа тоглоомоор тоглох нь хүмүүжил, оюун санаанд эерэгээр нөлөөлөх нарийн дэгтэй журамтай. Тийм ч утгаараа айлыг хүүхдээр, хүүхдийг тоглоомоор нь хэмээсэн биз ээ.
Монгол түмэн оньслох, эвлүүлэх, уран ээдрээ тайлах, шагай, хөлөгт тоглоом, аман наадам зэрэг 3000 гаруй тоглоом наадмаар наадаж ирсэн тоглоомын арвин баялаг сан хөмрөгтэй ард түмэн. Тоглоом наадгайг шагайн тоглоом, чулуун тоглоом, аман, хөлөгт, гар хуруугаар тоглох, хөдөлгөөнт, гэр барих, оньсон тоглоом гэж 15 төрөлд хуваадаг.
~Айлыг хүүхдээр, хүүхдийг тоглоомоор нь шинж~
Монгол наадгайд Монголын түүх шингээстэй байдаг гэлцдэг. Тухайлбал, даалуу хэмээх тоглоом Манжийн үед монгол ихээхэн түгсэн байдаг. Тэр үед Монгол орон даяар ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог болжээ. Түүгээр ч үл барам хошуу ноёд тоглоомд толгой мэдүүлж ард иргэдийн өмчийг даалууны мөрийнд тавих болсон байна. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран “Хорло” хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй.
“Хорло” тоглоом нь хамтач ёс, бие биенээ хүндэтгэх зан төлөвшүүлэхэд ач холбогдолтой байсан ба хүүхдийн ухааныг тэлж, хэл ярианы баялгийг нь сайжруулах зорилгоор тоглоомын явцад 12 жил дууг харилцан дуулдаг байна. Уг тоглоомд 12 жилээс гадна наран тэнгэрийн бэлгэдэл онги, тэнгэр, газар, хүмүүн гурвын шүтэн барилдахуйн бэлгэдэл чандмань, амар жаргалын бэлгэдэл болсон болсон өлзий хээ гэсэн гурван толгой мод байна.
Энэ талаар МУИС-ын доктор, тоглоом судлаач Г.Нандинбилиг хэлэхдээ,
“Ер нь “Хорло” тоглоомыг би хүүхдийн хүмүүжилд маш хэрэгтэй тоглоом юм гэж боддог. Арван хоёр жилийн амьтдыг энэ ах нь энэ нь дүү юм гэж дээр доор нь оруулаад гэр бариад байгаа юм шиг харагдах хэдий ч тэрний цаана ахас дээдсээ хүндлэх бид нэг ангийн хүүхдүүд гээд байж байхад чи туулайтай би бартай хэн нь ах байх уу гэдгээ мэддэг. Ахас дээдсээ хүндлэх хоорондын хүндэтгэлт харилцааг бүтээхэд оршино. “Хорол” нь ширээний тоглоом, тэгэхээр тэр хүндтэй дүрс хээнүүдийг ойлгож тэд нартай харилцаж, хүндэлж сурах, гэрийн хүмүүжилд сургахад маш энгийн тоглоом юм” гэжээ.
Хүүхдээ бага балчир үед нь тоглоомын аргаар хүүхдийг ямар нэгэн албадлага, шахалтгүйгээр өөрөө өөрийгөө хөгжүүлэх бололцоог олгох оюун санаа тэлж хөгжихөд маш хэрэгтэй байдаг байна. Одоо үед хүүхдүүд Монгол тоглоом наадгайгаас илүү ихэвчлэн гар утас, компьютерын тоглоом ихэвчлэн тоглож цагаа өнгөрөөх болсон. Энэ нь нэг талаар технологийн дэвшил боловч нөгөө талаар хүүхдийн бие махбод, сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг байна.