Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллав

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 9 дэд зорилт, 33 арга хэмжээг тусгажээ. Дэд зорилтод, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгасан төсөл хөтөлбөрүүдийг газар дээр нь судалж, яамнаас бодлогын чиглэлд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.

ХҮНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨНӨ

Ирэх 4 жилд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо судалгаа нь хийгдсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдэх боломжтой төслүүдийг Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ. Үүнд, Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан байна. Мөн нэмүү өртөг шингэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, металл авалтыг хэвийн хэмжээнд хадгалахад баяжуулах үйлдвэрт нэвтрүүлж буй өргөтгөл шинэчлэлтийн ажил чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар баяжуулах үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж байгаа бол өргөтгөл шинэчлэлийн дараа 35 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Уг бүтээн байгуулалтыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн гурван жилд Эрдэнэт үйлдвэр 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилдаа зарцуулжээ. Үүний үр дүнд үйлдвэрийн насжилт 20 жилээр нэмэгдэж, 60 жилийн нөөцтэй гэсэн баталгааг өгч байна.

Үйлдвэрийн нөөц нэмэгдэж, ажиллах хугацаа уртассан ч, олборлолтын улмаас ил уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл муудаж, хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга ядуурч буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд одооноос бэлтгэл хангахаас аргагүй асуудал юм. Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ бууруулахгүй, эдийн засаг, санхүүгийн хүрсэн түвшнээ алдахгүй байх нь юу юунаас чухал. Тиймээс тодорхой алхамууд хийж, 2031 он болтол ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд хадгалах зорилготойгоор ил уурхай, баяжуулах фабрикийн шинэчлэлд салбар яамны зүгээс бодлогоор дэмжин, анхаарч ажиллаж буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордод Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн далд уурхай, Асгатын мөнгөний орд, Багануур, Шивээ-Овоогийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа, Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн мөнгөн урсгалаас монголын эдийн засаг хамаардаг гэхэд хилсдэхгүй. COVID-19 цар тахлаас хамаарч манай улс хоёрдугаар сараас эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд тээвэрлэх журам гаргасан. Үүнээс үүдэж, эдийн засагт оруулахаар төлөвлөсөн экспорт 50 гаруй хувиар буураад байна. Харин Засгийн газар зэсийн экспортыг бодлогоор дэмжсэний дүнд Эрдэнэт үйлдвэр 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсрууллаа. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн байна” гэдгийг салбарын сайд тодотгов. Мөн “Уул уурхайн үйлдвэрийн хөгжил үндсэн дөрвөн зүйл дээр тогтдог гэж хувьдаа боддог. Нэгдүгээрт, түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц. Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан. Хоёрдугаарт, хүний нөөц буюу сайн боловсон хүчин. Энэ хоёр л байвал дараагийн хоёр буюу шинэ техникийг худалдаж авах, ямар ч шилдэг технологийг нэвтрүүлж, нутагшуулж болно.Тиймээс үе үеийн уурхайчид бэлтгэгдэн гардаг Эрдэнэтийн үйлдвэр хөгжих ирээдүй, итгэл төрж байна” гэдгийг үйлдвэрийн ажилтнуудтай уулзах үеэрээ хэлсэн юм.

Уурхайн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Харин зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах амаргүй ажил. Энэ талаар Монголын төр, засаг, уурхайчид олон жил ярьсан. Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдэг асуудал байдаг. Олон нийт, орон нутаг байгаль орчинтой холбоотойгоор дэмждэггүй зовлонтой. Хүхэрлэг хийг шингэн байдалд шилжүүлж хүхрийн хүчил үйлдвэрлэх нь хамгийн боломжит хувилбар. Ингэлээ гэхэд гаргасан хүхрийн хүчлээ яах вэ гэдэг толгойн өвчин. Үүнийг шийдэх фосфор, жоншны баяжмалтай хорьж бүтээгдэхүүн гаргах, ураны үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн хувилбарууд бий ч гурвуулаа бүтэмж муутай байгаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбар нэлээд мухардмал болсон. Өөр гарцыг манай инженер, холбогдох хүмүүс гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалж байгаа” гэв. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьснаар зэсээс гадна мөнгө гаргаж авах боломжтой. Мөн бага хэмжээний алт, бусад элементүүд ч гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр үйлдвэр 800 сая орчим ам.долларын орлого олдог бол зэсийн баяжмалаа хайлуулснаар тэрбум ам.доллар олох боломжтойг үйлдвэрийн захирлууд хэлж байлаа.

Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дараа нь “Бэрэн металл” төмөрлөгийн үйлдвэрийн ажилтай танилцсан. Манай улс ган, төмөрлөгийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээний 80 хувь буюу 300-аад мянган тонныг өмнөд хөршөөсөө импортолдог. Энэхүү импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж, хэрэгцээт зах зээлийн ихэнх хувийг дотоодоосоо хангах боломжтой гэдгийг “Бэрэн металл” компанийхан салбарын сайдад дуулгасан юм. Манай улс жилд 8.4 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргадаг. Энэ нь, дунджаар 4 сая.т ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ юм. Мөн 36.5 сая т коксжих нүүрсийг Хятад болон олон улсын зах зээлд борлуулж байна. Улмаар хятадууд үйлдвэрлэлийн зардлаа шингээгээд эргээд монголд нийлүүлж байгаа нь их алдагдал хүлээдгийг үйлдвэрийн инженерүүд учирласан. Мөн тус үйлдвэрийнхний зүгээс Баргилтын уурхайгаас хүдэр нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих