Хүүхэд дөрвөн нас хүрсэн бол дараах чадваруудыг эзэмшсэн байдаг. Мэдээж хэрэг хөгжлийн хувьд онцлог шинжтэй хүүхдүүд байдаг тул тэдгээр хүүхдийн эцэг эхчүүд хэтэрхий цочирдохгүй байж, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар тусгай хөтөлбөрөөр хүүхдээ хөгжүүлээрэй.
Бие бялдрын хөгжлийн үзүүлэлт
Мөлхөлт, алхалт, гүйлт, шидэлт, үсрэлт, харайлт зэрэг хөдөлгөөнийг янз бүрээр гүйцэтгэнэ.
Эрүүл мэндийн хөгжлийн үзүүлэлт
- Бусдыг дуурайн шүдээ угааж, хоолой амаа зайлна.
- Шүд яаж өвддөг, гар яагаад бохирддог болон хэзээ яаж угаахыг ойлгоно.
- Бусдын тусламжтайгаар усанд орж, хөлөө угааж дассан, жорлонгийн суултуурт бие засаж, ариун цэврийн цаас хэрэглэнэ.
- Мөн тоглоом, хувцас эд зүйлсээ эмхэлж цэгцэлж, хооллох, унтах цагаа баримтална.
- Хувцсаа бусадтай сольж өмсөхгүй байхыг мэднэ.
- Хог хаягдлыг зориулалтын саванд хаяна.
- Бусдын тусламжтайгаар эрүүл мэндэд тустай хоол хүнсийг хэрэглэж, сүү уувал шүд бэхжинэ, лууван идвэл өндөр болно гэдгийг ойлгоно.
- Аяга, халбага, сэрээ хэрэглэж, зөв цэвэр хооллож чадна.
Аюулыг мэдрэх үзүүлэлт
Бохир хүнс идвэл өвдөнө гэдгийг мэдэрч, өвчин халдварладаг, өвчнөөс урьдчилан сэргийлж болдог талаар ойлгоно.
Орчны осол, аюултай байдлыг мэдэрч зайлсхийнэ.